УИХ өнгөрсөн онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 хууль баталсан байна. Энэ нь нийт зургаан боть, 1,409 нэгж хуудас болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан эдгээр хууль дээр өнөөдөр төрийн тамга дарсан байна.
Үндсэн хуульд заасны дагуу төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, хадгалах журмыг тогтоодог. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн тамгыг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна” гэж заасан байдаг.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Энэ ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэв.
“Хууль, тогтоомжийн уг эх дээр төрийн тамга дарснаар УИХ-аас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана” гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ. Монгол Улсын хуулиудад төрийн тамга дарах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг.