Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Манай намыг дандаа ЭВ НЭГДЭЛГҮЙ, ЗӨРЧИЛДӨӨНТЭЙ гэж ярьдаг. Мэтгэлцэж, маргалдаж байж л тэнд хөгжил ирнэ шүү дээ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
10 минут 12 секунд

Ардчилсан нам ОУ-ын Ардчилсан холбоотой хамтран олон улсын бага хурал зохион байгуулав. Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэтэй товч ярилцлаа.

-Энэ удаагийн хурлын үр дүнг та хэрхэн харж байна. Ер нь яагаад энэ хурлыг зохион байгуулах болов?

-Ардчилсан нам бол дэлхийн Ардчилсан холбооны гишүүн. Тийм учраас баруун төвийн үзэл санаатай намуудын нэгдэл болсон дэлхийн Ардчилсан холбооны хурал, семинар, чуулга уулзалтад байнга идэвхтэй оролцдог. Монголын ардчиллыг дэмжих, үйл явцад нь дэмжлэг үзүүлэх тогтоол шийдвэр гарсан байдаг. Уг тогтоолын хүрээнд Ардчилсан нам дэлхийн Ардчилсан холбооны ээлжит чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон. Гэвч цар тахлын байдлаас шалтгаалан хойшилсоор байгаад ийнхүү зохион байгуулж байна.

-Хурлаар онцлох ямар асуудлуудыг хэлэлцэв. Олон улсын судлаачид АН-д хандаж юу гэж хэлж байна?

-Ерөнхийдөө ардчилал, эрх чөлөө болон геополитикийн байдалтай холбоотой бүс нутгийн асуудал мөн ардчилал, хүний эрхийг дээдэлдэг улсуудын хамтын ажиллагаа гээд олон чухал асуудлыг хөндөж байна.

Монгол Улсын оршин тогтнож буй бүс нутгийн хувьд онцгой нөхцөлтэй шүү дээ. Яагаад Монголыг “Ардчиллын баянбүрд” гэж нэрлэв. Монгол Улсыг тойроод ардчилсан бус тогтолцоотой орнууд хүрээлж байна. Гэхдээ даяаршил явагдаж буй өнөөгийн нөхцөлд чөлөөтэй харилцаа тогтоож, тогтвортой хадгалж буй орнуудын тоонд Монгол Улс зүй ёсоор багтдаг. Та бүхэн мэдэх байх. Манай хөрш хоёр орны тухайд, нэг нь дайн байлдаантай, нөгөөх нь эдийн засгийн нөхцөл байдал нь ээдрээтэй үе байна. Тэгэхээр Монголд ардчиллын эрх чөлөө, үнэт зүйлийг хадгалж баталгаажуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж буй учраас энэ удаагийн бага хурлыг зохион байгуулж байгаа.

-Сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчиллын индексээр тогтмол байр ухарсан үзүүлэлттэй байгаа. Үүнийг та хэрхэн харж байна?

-Өнөөгийн төрийн тогтолцоо нь буруу яваад байна. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний асуудлын суурь нь ардчилал. Ардчилал, эрх чөлөө байгаа цагт Монгол Улсын тусгаар тогтнол баталгаатай байна. Харин ардчилал, эрх чөлөө устаж үгүй болсон үед Монголын тусгаар тогтнол байхгүй болно. Сүүлийн 300 жилд буюу бага хаадаас хойш Монголын тусгаар тогтнол алдагдсан. 300 гаруй жил бидний өвөг дээдэс, ахмад үе маань тусгаар тогтнолын төлөө олон мянган амь нас, эрүүл мэнд, хувь заяагаа золиослон байж тэмцсэн.

Харин 1990 онд ардчилал гэх үнэтэй зүйлийг олж авсан шүү дээ. 34 жилийн хугацаанд Монголын хөгжлийг дүгнэвэл сайн муу, сайхан муухай гээд олон янзын дүгнэлт гарах байх. Тэгэхээр хамгийн чухал нь юу вэ гэхээр Монгол Улс хэн нэгнээс хараат бусаар тусгаар тогтносон явдал нь хамгийн үнэ цэнтэй. Бид Москвагаас, Бээжингээс асуухаа больсон. Бид бие даасан гадаад бодлого, төрийн бодлогыг явуулдаг болсон. Үүнээс чухал зүйл гэж үгүй.

-Нэг дарга үг хэлэхээр л 100 хувь гар өргөдөг байдлаар явбал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй-

-Мэдээж УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. АН дотооддоо бэлтгэлээ хэрхэн хангаж байна. Эв нэгдэлтэй байж чадаж байна уу?

-Манай намыг дандаа л эв нэгдэлгүй, зөрчилдөөнтэй гэж ярьдаг. Үгүй ээ, угаасаа мөн чанар нь энэ. Ардчилсан нам бол нээлттэй нам. Манай нам дахь улс төрийн лидерүүд болон нийгэм, эдийн засгийн чиглэлээр ажилладаг залуучууд, ахмад дунд үе маань үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Үүнээс болж л хоорондоо маргалдах асуудал гардаг. Энэ бол ердийн зүйл. Тэрийг нь өрсөлдөгч хүчнүүд “Эднийх дандаа хэрэлдэж, зөрчилдөж, хуваагддаг” гэж ярьдаг. Энэ бол манай бодит байдал буюу зүгээр л байх ёстой асуудал. Мэтгэлцэж, маргалдаж байж тэнд хөгжил явна шүү дээ.

Харин эсрэгээрээ коммунист үзэл суртлаар буюу нэг дарга үг хэлэхээр л 100 хувь гар өргөдөг байдлаар явбал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Угаасаа 100 жил тэгж яваад, хөгжсөнгүй. 34 жил үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг тогтолцоо бий болсноор Монгол Улс харьцангуй хурдан хөгжсөн.

-Сүүлийн найман жилд эрх баригч намын “амлалт” огт биелээгүй-

-Одоо УИХ-д суудалтай АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэж байна. Нөгөөтэйгүүр, эрх баригч нам мөрийн хөтөлбөрөө хэрхэн гүйцэтгэсэн гэж та харж байна?

-Сүүлийн найман жилд эрх баригч намын “амлалт” огт биелээгүй. Маш олон жишээ ярьж болно. Гэхдээ ярихаар хүн муулсан болчих гээд байх юм. Би ч тэгж хүн муулах дургүй. Шулуухан хэлэхэд, найман жил яг юу хийсэн бэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй Монголын ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Ганц л жишээ асууя. Яг ямар үйлдвэр ашиглалтад орж, ямар ажлын байр бий болгов.

Улсын эдийн засаг дандаа нэмэх үзүүлэлттэй явж ирсэн нь байгалийн баялгаа түүхийгээр нь гаргаж, түүнээс олсон орлогоороо л яваад байгаас болохоос найман жилд ажлын байр бий болоогүй. Дархан-Улаанбаатар чиглэлийн 230 км замаа барьж чадахгүй найман жил боллоо шүү дээ. Маш олон үйлдвэр, завод барина гэсэн. Жишээлбэл, Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих нефтийн үйлдвэр хааччихав. Яг үндсэндээ, Монголд бодит баялаг буюу ажлын байр ерөөсөө бий болсонгүй.

-Намынхаа гишүүдийг сөрөг хүчний үүргээ хэр биелүүлсэн гэж дүгнэж байна?

-Шударга л хэлнэ. Хангалтгүй гэж үзэж байна. Харин нөгөө талдаа цар тахлын жилүүд таарсан гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаан бий. Гэхдээ тэр бол зүгээр шалтаг. Тийм учраас би шүүмжлэлтэй хандаж байгаа.

-С.Зориг агсны төрсөн өдөр болсонтой холбоотойгоор энэ хэргийг тойрсон асуудал эрчээ авлаа. Түүний хөшөөг нүүлгэх гэх мэт асуудлууд яригдаад байна?

-Хөшөөг нүүлгэнэ гэсэн юм байхгүй ээ. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний асуудалд хөндлөнгийн хүний байр суурь барьж зогсдог, тусгаар тогтнолыг хамгаалж чадаагүй хүн С.Зоригийн хөшөөг шилжүүлнэ гэж ярьж болохгүй.

-Шинэ дэвшилт холбоо хөшөө байрлаж буй газрыг зарсан гэх юм билээ?

-Энэ холбоо газрыг захиран зарцуулах эрхгүй. Нийслэлийн Засаг дарга буюу Засаг захиргааны байгууллагын эрх мэдлийн асуудал. Тэгэхээр тэр газар хэний эзэмшилд байх уу, цаашид хэрхэн захиран зарцуулах нь нийслэлийн эрх мэдлийн асуудал болохоос аль нэг ТББ-ын асуудал биш. Хоёрдугаарт, С.Зориг агсны төрсөн өдрөөр яригдсан олон асуудалд нэг л зүйлийг хэлмээр байна. Одоо энэ улс төрийн жүжгээ болиоч ээ.

Монголчууд “Бурхан болоочийн сүнсийг тайван байлга” гэж ярьдаг. Нэр хүндийг нь хайрлаж хамгаалдаг. Харин тэр хүн алдаа гаргасан бол үүнийг нь уучилдаг ард түмэн. Алийн болгон энэ хүний үхлээр улс төрийн “хонжоо” хайж, бизнес хийх гээд байгаа юм бэ. Маш олон хүн 20-оод жил амьдарлаа шүү дээ. Энэ хүний үхлээр сонгуульд ялалт байгуулдаг улс төрийн хүчин ч байна. Одоо боль л доо. Би С.Зориг агсантай ойр дотны найз байсны хувьд үнэхээр харамсдаг. Тийм учраас энэ үйл явдал дуусах болсон байх гэж үзэж байна.

Түүнчлэн, уг хэрэгтэй холбоотой “Хавтаст хэрэг”-ийг бүгдийг нь ил болгочих. Ард түмэн өөрсдөө шүүг л дээ. Тэгэхгүйгээр, нэг хэсгийг нь “нууц” гэж тавьчихаад, зохиомол янз бүрийн түүх яриад байна. Энийгээ л болих хэрэгтэй.

-Та 2024 оны сонгуульд нэр дэвших үү?

-Одоогоор ямар нэг улс төрийн шийдвэр гараагүй учраас хэлэхэд эрт байна.

-Намдаа нэр дэвших хүсэлтээ өгсөн үү?

-Намын анхан болон дунд шатнаас санал ирсэн. Миний хувьд хүлээж авахад бэлэн. Гэхдээ АН-ын эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргаагүй учраас хэлэхэд эрт байна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

СУРВАЛЖИЛГА: Мах ховордож, малчид гар дээрээс махаа зарж ченжүүд ажилгүй болов
СУРВАЛЖИЛГА: Мах ховордож, малчид гар дээрээс махаа зарж ченжүүд ажилгүй болов
 
ЧУУЛГАН: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
ЧУУЛГАН: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.