Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзсан ба Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.
2018 онд Ерөнхий сайдыг мөн Гашуунсухайт боомтод ажиллах үед боомтоор орж, гарахдаа түр амраад ахуйн үйлчилгээ авах үйлчилгээний төвтэй болох хүсэлтийг жолооч нар тавьж байсны дагуу Засгийн газраас холбогдох шийдлийг гаргасан юм. Уг шийдвэр биелэлээ олж Гашуунсухайт боомтын дэргэд “Тайван зогсоол” байгуулж байна. Тус газрын барилга угсралтын гүйцэтгэл 86%- тай үргэлжилж байна.
"Тайван зогсоол" нь 2500 авто зогсоолтой, нэг ээлжинд 14000 жолооч үйлчлүүлэх боломжтой. Эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, хоолны газар, үсчин, гоо сайхан, халуун усны газрууд тус тус үйлчилгээ үзүүлнэ. Жолооч нар замын алжаалаа тайлж тайван амрах нөхцөл бүрдүүлэхээс гадна 24 цагийн харуул хамгаалалттай, хяналтын камерийн системтэй, зогсоолын талбай болон цогцолбор тэрчигтээ бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарт цаашид автотээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тээврийн замыг өргөтгөн сайжруулна. Мөн төмөр зам, автозамын нүүрс тээвэрлэлтийг хослуулан явуулах учир жолооч нар аюулгүй байдлаа хангаж, холбогдох дүрэм журмын дагуу ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхийг захилаа.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар