"Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг цаашид ашиглах боломжгүй. Нурааж шинээр барина" гэдгийг өнөөдөр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдэгдсэн. Тэгвэл норм дүрмийн дагуу буулгаж, суурин дээр нь шинээр барилга барьвал зураг төсөл, тооцоог шинээр хийх юм байна.
207 дугаар байранд гарсан галын ДҮГНЭЛТ
Галд хамгийн ихээр өртсөн 207 дугаар барилга нь 12 давхар мөн зоорьтой. 2017 онд улсын комисс хүлээж авсан. Тухайн барилгын гадна талын фасад нь 75 орчим хувь нь буюу баруун хойд булан зүүн тал нь бүхэлдээ шатсан. 10 айлын сууц бүхэлдээ, 45 айлын гал тогоо, унтлагны өрөө, ариун цэврийн өрөөнүүд хэсэгчлэн галд өртсөн. 8 айл галд өртөөгүй.
Багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их гарсан. Энэ нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг даахгүй.
Барилгын баруун талын голын баганы дээр шилжилт үүссэн. Үүнээс болж барилгын дам нуруунд ан цав гарсан.
Хана, хучилт баганаас 14 ширхэг дээж авч нүүрс хүчлийн нэвчилтийн байдлыг шалгасан. Нүүрс хүчлийн хий тархсан нь дотор байгаа арматур, зэврэлтэд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй гэж гарсан. Галын оргил үеийн температур нь хучилтын арматур дээр 512 градус, өрөөний температур 1036, дам нурууны арматур 625 градуст хүрсэн байна.
Барилгын 210 ширхэг баганын 8.8 хувь нь галд хүчтэй өртсөн. 391 ширхэг төмөр бетон, дам нурууны 9.5 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн. Энэ нь ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй.