Төвийн бүс буюу Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа өглөө. Тэрбээр:
-Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн хосууд төдийгүй гэр бүлийн бүх гишүүд тэр дундаа бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгч, ахмад настан хүчирхийлэлд өртдөг. Төвийн бүсийн хэмжээнд нийт 47.877 ахмад настан бүртгэгдсэн. Комисс ахмад настны эсрэг хүчирхийллийн нөхцөл байдалд 2022 онд судалгаа хийхэд ахмад настай 4 хүн тутмын 1 нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн. Мөн эдийн засгийн буюу өндөр насны тэтгэвэрээ өөрөө захиран зарцуулах эрхгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол 2022 онд 968 болж өссөн. Энэ бол зөвхөн хуулийн болон төрийн бус байгууллагад хандсан ахмадын тоо. Өөрөөр хэлбэл, ахмад настны амь нас хохирсон, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учирсан тохиолдолд хуулийн байгууллагад ханддаг. Бусад тохиолдолд гэмт хэрэг, зөрчил мэдэгдэхгүй өнгөрөх тохиолдол олон гарч байна.
Шалтгаан нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг ихэвчлэн гэр бүл, хамаатан, садны хүрээллээс үйлддэг учраас ахмадууд тэр бүр хуулийн байгууллагад хандахгүй байна. Мөн хаана хандаж, эрхээ хамгаалуулахаа мэдэхгүй ахмад цөөнгүй байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийлэлд ахмадууд өртөж орон гэрээсээ дайжиж байна. Иймд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, зорилтот бүлгийн хэрэгцээ, хүйсийн ялгаатай байдалд нийцүүлж хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг төрөлжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Мөн орон гэргүй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагууд нэгдсэн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт 39-70 насны 94, Сэлэнгэ аймагт нийт 36 иргэн бүртгэгдсэн.
Цаашид орон гэргүй, асран хамгаалах гишүүнгүй, орон байргүй өндөр настнуудыг холбогдох хууль, журмын дагуу асрамж, халамжийн төвд шилжүүлэх, өвлийн улиралд тэднийг хооллох, бичиг баримтжуулах, хэвийн амьдралд нь оруулах нөлөөллийн ажлын зардлыг орон нутгийн төсөвт суулгаж, зохион байгуулах шаардлагатай гэж комисс дүгнэсэн.