Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны “Бүсчилсэн хөгжлийн реформ” улсын зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөнийг нээж, Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар нар илтгэл тавив.
Өнгөрсөн гуравдугаар сард болсон Хяналтын Ерөнхий хорооны хурлаар анх удаа нэр дэвшигчийг тодруулах хүртэл баримтлах журмыг баталж, тавдугаар сарын 20 хүртэл нэр дэвшигч тодрох хүртэл хэрэгжүүлж байна. Нэр дэвшигчийг тодруулахдаа намын эв нэгдэл, багаар ажиллах чадварыг хэрхэн хангаж байгаа вэ, хэр зэрэг ёс зүйтэй вэ зэрэг шалгууруудыг тавьж байна. Энэ шалгуурт тэнцсэн тохиолдолд МАН-аас нэр дэвшинэ. Уг журмын хэрэгжилтийн дараа хуульд заасан нэр дэвшүүлэх хугацаанд мөрдөх журмаа мөн гуравдугаар сард болсон Бага хурлаараа баталж, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагаа зарлаад байна.
Энэ талаар МАН-ын Хяналтын Хорооны дарга Б.Баярбаатар хэлэхдээ:
-Сүүлийн 34 жилийн хугацаанд парламентын 8 удаагийн сонгууль болсон. Том, жижиг тойрогтой, холимог тогтолцоогоор ч сонгууль болж байсан түүхтэй. Гэхдээ энэ удаагийн сонгууль холимог тогтолцоотой, аймгууд нийлж бүcчилсэн хэлбэртэй томсгосон тойрогт болох гэж байгаагаараа онцлог юм. Сонгууль болгоны өмнө нэр дэвшүүлэх журмыг Бага хурлаар баталдаг бөгөөд энэ удаад нэр дэвшихээр горилж буй хүмүүст 3 шалгуурыг тавина. Тухайлбал,
-Хяналтын байгууллага нь горилогчдод ёс зүйн дүгнэлт үйлдэж өгнө.
-Иргэд, олон нийтийн дунд явуулсан шат, шатны судалгааны үр дүнг харна.
-Намын гишүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлнэ гэв.
Мөн МАН-ын хувьд Хяналтын хорооны дэргэд Жендэрийн дэд хороог байгуулсан нь улс төрийн намын түүхэнд анх удаа гарсан чухал шийдвэр юм. Манай улсын хэмжээнд аймгийн Засаг даргаар ажиллаж буй анхны эмэгтэй нь Э.Болормаа. Тэрбээр Ховд аймгийн МАН-ын хорооны дарга, тус аймгийн Засаг даргаар ажиллаж байна.