Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдоржтой холбоотой асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хамгаалалт үзүүлэхгүй гэдгээ Ерөнхий сайдад илэрхийлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 29 секунд

Сүүлийн өдрүүдэд өрнөж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын "дисс" энэ хаврын улс төрийг сонирхолтой болгож буй. Тэдний хоорондын сөргөлдөөн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө өндрийг авч байгаа нь цаг хугацааны хувьд ч санамсаргүй зүйл биш гэдэг нь лавтай. Тиймдээ ч "оффшор" хөрөнгө, С.Зоригийн хэрэг, хонгилыг угсрагч, бүлэглэлийн гар хөл гээд Ц.Элбэгдорж руу чиглэсэн бүхэндээ хүлээж буй хамгийн том ҮР ДҮН нь УИХ-ын сонгууль бололтой.

Тэгвэл үүний цаана...

Нэвтрүүлэг цацагдсаны дараа Л.Оюун-Эрдэнийг "Хов базлаа" гэх үгээр дүгнэх хүмүүс байлаа. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргаар ч ажиллаж үзсэн, эрх баригч намын дарга хүн баримтгүй үг амнаасаа унагаж, өөртөө булуу хураах болов уу. Албан тушаал мөнхийн биш. Хэрэв хөндсөн асуудал бүртээ магадлалтай гэх явцгүй агуулгаар хандсан бол Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө нүхийг л ухаж буйгаас ялгаагүй. Харин эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэ баттай баримтын үзүүрээс атгаад бол Ц.Элбэгдорж руу чиглэсэн акцаа сонгууль хүртэл хийх нь гарцаагүй. Энэ хэрээрээ хүрээгээ тэлж буй тэдний сөргөлдөөн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж гэх "тойргоос" гарч, бизнес болоод нам хоорондын сөргөлдөөнд шилжиж байна. Бизнес л гэхэд, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ынхан ХХБ, Голомт чиглэл рүү "дайн" зарлах нь эдийн засаг талдаа тийм ч таатай үр дүн өгөхгүй. Нөгөө талдаа Ц.Элбэгдорж бол АН дотроо төдийгүй улс төрийн бүхий л шатанд ажиллаж ирсэн рейтинг өндөртэй улстөрч. Энэ утгаараа түүний тал гэгдэх хүмүүс энэ сонгуульд өрсөлдөхөөр зэхэж эхэлсэн. Үүнээс харвал тойргоосоо гарсан тэдний сөргөлдөөн зүгээр ч хэрүүл төдий биш бололтой.

Л.Оюун-Эрдэнэ нэгэнт галтай олон асуудал руу толгой дүрэхээр шийдчихсэн бол түүний ажилд саад тотгор учруулахгүй байх гол улстөрийн хүчийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзүүлж чадна. Учир нь тэрбээр сонгогдсоныхоо дараахан үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээж авч уулзах үеэрээ Ерөнхийлөгч байх хугацаандаа "Хэнийг нь ч ямар нэгэн асуудалд оруулах үг, үйлдэл гаргахгүй" гэх яриа өрнөсөн талаар саарал ордонд шуугиж байсан. Үүнийг нь ч батлах мэт нүүрсний хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй яваа. Тэр байтугай АТГ-ын мөрдөгчийн өөдөөс "ҮАБЗ-ийн зөвлөмжийн талаар У.Хүрэлсүхийг зөвшөөрвөл ЯРИНА" гэж мэдүүлчихээд гарч одсон талаарх эх сурвалжийн мэдээллийг бид өмнө та бүхэнд мэдээлж байсан. Үүнийгээ Х.Баттулга ҮХЦ-ийн гадна мэдээлэл хийх үедээ өөрийн амаар баталгаажуулж орхисон байдаг.

Тэгвэл Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчилдөөн хаана очиж, хэн нь "шархдаж" дуусах вэ гэдэг нь анхаарал татаж буй энэ цаг үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлыг хуульд заасан хэмжээ хязгаарынхаа хүрээнд шийдвэрлээд яв, үүнд би оролцохгүй" гэж Л.Оюун-Эрдэнэд хэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мэдээж Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын харилцаа өмнөх шигээ биш болсон. Гэхдээ С.Зоригийн хэргийн Ц.Элбэгдоржтой холбогдож буй асуудлыг баримт нотолгооных нь хүрээнд тултал шалгахыг нь У.Хүрэлсүх зөвшөөрсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, тэрбээр өмнөх Ерөнхийлөгч нараа асуудалд орооцолдуулахгүй гэх үгэндээ зөвхөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дээр буцаж байгаа бололтой.

Үүнээс харвал, баримт нотолгоо нь байдаг юм бол МАН сонгууль хүртэлх хоёр сар гаруйн хугацаанд Ц.Элбэгдорж руу чиглэсэн акцаа нэлээн эрчимжүүлж, одоогийнхоос ч хүндрүүлж үзэлцэх нь гарцаагүй боллоо.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 14 хэм дулаан. Бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 14 хэм дулаан. Бага зэргийн бороотой
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.