Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны дарга А.Тлейхан өнөөдөр мэдэгдлээ.
Тэрээр, цахилгаан, дулааны үнэ тариф 10 дугаар сараас 2 дахин нэмэгдэнэ гэсэн мэдээллийг няцааж, "Энэ онд цахилгаан болон дулааны эрчим хүчний үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй. "COVID-19"-ийн цар тахлын улмаар бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ онд эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, ААН, компаниудын санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байна.
Гэвч эрчим хүчний салбарт хэрэглэгч нараа дээдэлсэн бодлого хэрэгжүүлж, үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд дотоод нөөц бололцоог ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэл, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах шийдвэр гаргасан ажиллаж байна" гэв.
Эрчим хүчний салбар дахь алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд:
- Өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах,
- Өндөр өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах,
- хямд үнэтэй эс үүсгүүрүүдийг илүү ачааллах,
- Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлыг бууруулж, хэмнэлт гарган ажиллахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ.