Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таймлайн: Монгол хэлний төлөөх тэмцэл хэрхэн өрнөж байна вэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 31 секунд

Энэ хичээлийн жилээс эхлэн БНХАУ-ын монгол сургуулиудад “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх бодлогын хүрээнд босоо монгол бичиг хэрэглэхийг хориглосон. Харин өвөрмонголчуудын зүгээс уг шийдвэр нь тэдний эх хэлээ хэрэглэх заяамал эрхийг хаан боогдуулсан, тус улсын үндсэн хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн гэх үндэслэлээр тэмцлийн хэлбэрүүдэд шилжээд байгаа билээ. 

Эх хэлний төлөөх тэмцэл хэзээнээс эхэлж, хэрхэн өрнөсөн талаарх мэдээллүүдийг цаг хугацааны дарааллаар тоймлон хүргэж байна. 

 

1. “Хос хэлний сурган хүмүүжил” гэдэг үг XX зууны эхний үеэс гарсан бөгөөд төрийн бодлого, систем болсон нь 10 жилийн өмнөөс. Сүүлийн гурван жилд буюу Ши Жинпиний удирдлагын үед ар монголчуудын аж ахуй сайжраад, хоёр монголчуудын хамтын харилцаа батжаад  ирэхийн хэрээр энэ бодлого чангарч эхлээд байгаа аж.

2. Шинжиан Уйгурын Өөртөө Засах оронд Баянгол, Хөх сайр, Хонго сайр, Бор тал гэх мэт хэд хэдэн газарт амьдардаг бага үндэстнүүд монгол бичиг, тод үсгээр хичээллэж ирсэн ч үүнийг нь 2018 онд зогсоосон.

3. 2018 онд Тунляао хотын бага сургуулийн сурагчид самбар дээрээ Монгол улсын төрийн далбааны зургийг зурсныхаа төлөө цагдаад баригдаж байжээ.

4. 2020 оны есдүгээр сараас эхлэн Тунляо хотын бага, дунд сургуулиудад дээрх бодлогыг хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргав.

Улмаар Тунляаод 3000 орчим хүн жагсаалд оролцож тэдний 300 орчмыг баривчилжээ.

5. Цахимаар гарын үсэг цуглуулах хөдөлгөөн 2020 оны 7-р сарын 23-наас 08-р сарын 10-ныг хүртэл үргэлжлэн нийт 3643 хүний гарын үсгийг цуглууллаа.

6. Гарын үсэг зурсан нийт хүмүүсийн 50 хувийг ар монголчууд эзэлсэн бөгөөд өвөр монголчууд “Манай Монголын монголчууд биднийг мартаагүй байна” хэмээн ихэд талархаж байгаа аж.

Өвөр Монгол сурагчид сургуулийнхаа гадна “эх хэлтэй минь үлдээгээч” хэмээн сөхрөн гуйсаар...

7. Цахимаар гарын үсэг зурах хөдөлгөөнийг удирдагчид өргөн барих бичгээ Монгол Улсын Соёлын яамны сайд С.Чулуун, БНХАУ-ын Соёлын яам, АНУ, ЮНЕСКО, Токио дахь Хятадын Элчин сайдын яам руу илгээсэн боловч одоогийн байдлаар зөвхөн АНУ дахь Хятадын Элчин сайдын яамнаас хариу аваад байна.

8. Өвөр Монголд босоо монгол бичгийг хорих талаарх БНХАУ-ын засгийн газраас гаргасан албан бичиг нийтэд ил болоогүй байсан нь тэднийг уг бодлого хэрэгжихгүй байх гэсэн найдвар төрүүлээд байсан юм. Гэтэл шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ базаахаар худалдааны төвүүд рүү очиход зөвхөн хятад ханзаар бичихэд зориулсан хичээлийн хэрэглэлүүд худалдаанд гарсан нь тэднийг тэмцлээ улам эрчтэй өрнүүлэхэд хүргэжээ. 

9. Наймдугаар сарын 23-ны өдөр өвөр монголчуудын хамгийн их хэрэглэдэг сошиал апп Bainu-г тодорхой шалтгаангүйгээр хориглосон бөгөөд WeChat, DouYin (хятадын TikTok) дээрх бичлэгүүд алга болж эхлэв. Наймдугаар сарын сүүлчээр энэ бодлого нь Өвөр Монголын ихэнх хэсэгт буюу аймаг бүрийг хамарч, 2020 оны есдүгээр  сарын 1-нд хэрэгжих тухай албан ёсны мэдээ ирэв.

10. Наймдугаар сарын 28-ны өдөр Жарууд хошууны эцэг, эхчүүд сургуулиудад хүчээр орж, хаалгыг нь эвдэж, хүүхдүүдээ сургуулиас нь авч гаргав. Мөн өдөр Хөх хотод Өвөр Монголын Багшийн их сургуулийн харьяа дунд сургуулийн гадаа гарын үсэг цуглуулж байсан эцэг эхүүдээс цагдаа нар өргөдлийг нь булааж авсан бөгөөд үүнтэй холбогдож тодорхой бус тооны хүмүүсийг баривчилжээ.

11. Маргааш өглөө (8-р сарын 29) нь цагдаа нар цар тахал өвчний улмаас их хэмжээний хүмүүс цугларах нь аюултай гэсэн мэдэгдэл хийхийн зэрэгцээ ӨМӨЗО даяар монгол сургуулийн урд автомашинтай цагдаагийн анги байрлуулсан байна.

12. БНХАУ-ын зүгээс тэмцэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд эсэргүүцэлд оролцогчдыг ажлаас нь халах тухай сануулж, хичээлдээ ирсэн хүүхдүүдийг сургуулиас нь гаргахгүй байгаа юм.

Өвөр Монголд эсэргүүцлийн хөдөлгөөн хэд хэдэн хэлбэрээр явагдаж байна.

  • Ахмадууд энэ бодлогыг зогсоохыг хүссэн гарын үсэг зурах хөдөлгөөн өрнүүлж, нарны цацраг хэлбэрээр гарын үсгээ зурж, хурууны хээгээр тамгалах,
  • Хүүхдүүд сургууль дотроо жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байна
  • Хоорондоо цэвэр монгол хэлээрээ ярих, монгол хэлийг үнэ төлбөргүй бие биедээ заах,
  • Үр хүүхдээ энэ бодлогыг хэрэгжүүлсэн сургуульд явуулахаас татгалзах,
  • Есдүгээр сарын 1-ний өдөр хот болгоны төв талбай дээр тайван жагсаал болов.
  • Мөн тэмцлийн хэлбэрүүд нутаг нутгаар өөр байгаа бөгөөд олон янзын дуу, шүлэг зэргээр ч илэрхийлэгдэж буй юм.

13. Одоогоор тэмцэл Ордос, Алаша, Шилийн гол, Найман хошуу, Тунляао гэх зэрэг аймгуудад үргэлжилж байна.

14. Өвөр Монголд хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэх худал мэдээлэл тарааж, хятад хүүхдүүдэд монгол үндэсний хувцас өмсгөж зургийг нь даран хэвлэлүүдэд нийтэлж эхэлжээ.

15. Есдүгээр сард Токио хотод хоёр том жагсаал болох юм. Эхний жагсаал нь 5-ны өдөр Өвөр Монголчууд тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө, хоёр дахь нь 12-нд Босоо Монгол бичгээ авч үлдэхийн төлөөх жагсаал болох юм.

Цахимаар гарын үсэг цуглуулах хөдөлгөөнд энд дарж нэгдээрэй

Д.Цэрэнчимэг

Л.Дэлгэрмаа

Гурван тэрбум тун коронавирусний вакцин гаргахад бэлэн байна
Гурван тэрбум тун коронавирусний вакцин гаргахад бэлэн байна
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.