Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Энэ үеэр НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр:
- Галыг унтраахаар зургаан ангийн 26 автомашин 90 хүнтэйгээр ажиллаж байна. Тус барилга нь нийтдээ гурван давхар. Лангуу, хүүхдийн тоглоомын талбай, дэлгүүр гэсэн үйлчилгээний төв, дөрвөн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байна. Анх дуудлага ирэхэд гал барилгад бүхэлдээ тархсан байсан.
Давхар бүр нь 15 мянган метр квадрат талбайтай. Давхар бүрт шатах материал ихтэй, галын ачаалал өндөр.
Одоо ч хүн орох боломжгүй нөхцөл байдалтай байна. Галын дуудлага ирэхэд барилгад хүн байгаагүй. Одоогоор мэдэгдсэн юм алга. Гал бүрэн унтраагүй байна. Хайгуулын ажил дуусаагүй байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хоёр албан хаагч хөнгөн бэртэл авч эмнэлгийн анхан шатны тусламж авсан.
Нэг алба хаагчийг гал гарсан объектод хайж байна.
Угаартсан иргэн байгаагүй. Гурван давхар барилга бүхэлдээ галд өртсөн. Галын голомтыг одоо ч олоогүй байна. Барилга дотор газууд байсан. Гал унтраах ажиллагааг зохион байгуулахдаа албан хаагчид зориулалтын хувцас буюу хөдөлмөр хамгааллын хувцастай ордог. БНСУ, Хятад, Франц улсад үйлдвэрлэсэн зориулалтын хувцаснууд бий.