Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл гараад буй. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан байдаг.
Тэдний гурвыг нь Сэлэнгэ аймагт байхад нь баривчилсан бөгөөд нэгийг нь хотоос барьсан байдаг. Нэг албан хаагчийн тухайд уг мэдээллийг гарсны дараа амиа хорлохыг завдсан үйлдэл хийсэн талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл хэрэгт холбогдуулан шалгаж буй цагдаагийн 4 алба хаагчийн гурвыг нь цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй хэмээн үзэж, прокуророос нэг цагдааг зайлшгүй шалтгаанаар цагдан хорих үндэслэлтэй гэж үзээд шүүхэд саналаа хүргүүлсэн. Шүүх 1 алба хаагчийг нэг сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Харин хохирогч хүүхдийг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Түр хамгаалах байранд байрлуулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж, сэтгэл зүй, эрүүл мэнд, эрх зүйн үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлын хамгаалалтад авчээ.