UBN STORY булангийнхаа энэ удаагийн дугаарт жүжигчин Б.Амарсайханы бичиж, найруулсан “Орлон тоглогч” олон ангит кинонд гол дүр бүтээж, охидын харцыг булаасан залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийг онцолж байна.
СУИС-д сурч байхдаа найзуудтайгаа хамтран “Zev film”-ийг үүсгэн байгуулж, урлагийн салбарт өөрсдийн гэсэн орон зайг бий болгох том зорилго өвөртөлсөн залуу жүжигчин өөрийн хүндэлж, үйлдэл бүрээс нь үлгэрлэж явдаг жүжигчин Б.Амарсайхан руу зориг гарган чат бичиж, хамтран ажиллах санал тавьсан нь “Орлон тоглогч” олон ангит киноны гол дүрийн санал болон олон боломжийг түүнд авчирсан талаар бидэнтэй хуваалцлаа.
Харин жүжигчин Б.Амарсайхан киноныхоо гол дүр болох Хосоогийн дүрд Ч.Түвшинтөгсийг онцолж сонгосон шалтгаанаа, “Түүнд жүжигчин хүнд байх бүх юм бий. Үүнээс хойш олон сайхан дүрээр та бүхэнтэй уулзана гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хуваалцсан байдаг.
- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сайн байна уу? Танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
-Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Намайг Ч.Түвшинтөгс гэдэг. 25 настай. 2021 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн.
-Төгссөнөөсөө хойш ямар уран бүтээлүүдэд дүр бүтээж ажилласан бол?
-Гуравдугаар курсийн оюутан байхдаа ангийн найзуудтайгаа нийлэн “Zev film”-ийг үүсгэн байгуулсан. Алдаж, онож явсаар ковидын зун “Гэгээн учрал” хэмээх залууст зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн нь чамлахааргүй амжилт үзүүлж, чамгүй олон хүнд хүрсэн. Тэр бол миний анхны уран бүтээл. Өөрсдөө хийгээд, өөрөө гол дүрд нь тоглосон. Үүний дараа 2021 онд "Снежинка" гээд хоёр дахь уран бүтээлээ гаргасан. Ирэх тавдугаар сард гуравдах уран бүтээлээ нээх гээд хүлээлтийн байдалтай байна.
-Сургуулиа дөнгөж төгссөн залуучууд өөрсдөө студи байгуулаад, уран бүтээл хийнэ гэдэг мэдээж амаргүй байх. Тулгамдаж буй асуудал их үү?
-Тэр мэдээж. Дөнгөж сургуулиа төгссөн залуучууд кино хийнэ гэдэг амаргүй. Сэтгэл хөөрлөөрөө л эхэлж байсан гэсэн үг. Одоо ч гэсэн санхүү мөнгө, техник тоног төхөөрөмжтэй холбоотой хүндрэл бэрхшээл олон бий. Залуу хүмүүс байна. Хөдөлмөрлөж байхад болох байлгүй дээ л гэж боддог. Зорилго маань тодорхой учраас шантрах эрх байхгүй гээд л алхам алхмаар ч болов урагшилдаг.
-Зорилго нь юу юм бол?
-“Zev film”-ээрээ монголдоо төдийгүй гаднын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, NETFLIX, HOLLYWOOD-тэй хамтарч кино хийхийг хүсдэг. Мэдээж маш том, дэндүү хол юм шиг санагдах байх. Гэхдээ хүн хичээвэл хүрч чадахгүй оргил гэж байдаггүй гэж боддог учраас баг хамт олонтойгоо хамт хичээсээр л байх болно.
-"Орлон тоглогч" олон ангит киноны Хосоогийн дүрийн санал анх яаж ирэв. Яаж хүлээж авсан бол?
-Урлагийн салбарынхнаас үлгэр дуурайлал авч, хүндэлж явдаг хүн бол жүжигчин Б.Амарсайхан ах. Тэр ч утгаараа Б.Амарсайхан ах руу "Найзуудтайгаа хамтраад “Zev film”-ийг байгуулсан. Тантай хамтарч ажиллах хүсэл байна" гээд чат бичсэн. Огт танихгүй хэр нь "Яагаад болохгүй гэж. Бичээд л үзье" гэж бодоод бичсэн.
Гэтэл Б.Амарсайхан ах маш гоё эергээр хүлээж аваад Яармагт хүрээд ир гэсэн. Одоо бодоход миний гаргасан зориг яг цагаа олсон гэж боддог. Учир нь Б.Амарсайхан ах "Орлон тоглогч" киногоо хийхээр төлөвлөөд багаа бүрдүүлж байсан үе нь таарсан байсан. Хосоогийн дүрийн тухайд, хамтарч ажиллаад хэсэг хугацааны дараа "Чамд нэг дүр байгаа шүү" гэж хэлсэн. Тэр нь киноны гол дүрүүдийн нэг байна гэж төсөөлөөч үгүй. Б.Амарсайхан ахын кинонд дүр бүтээх боломж гарах нь ямар ч дүр байсан яах вэ л гэж бодсон. Мэдээж маш баяртайгаар хүлээн авч, Хосоогийн дүрд ажилласан.
-Анх чат бичихдээ таны саналыг тийм хурдан хүлээж аваад, киноныхоо гол дүрд тоглох санал тавина гэж төсөөлж байв уу?
-Бодол байтугай мөрөөдөлд ч тийм юм байгаагүй. Ямар ч байсан бичээд үзье. Тоохгүй бол тэр л биз дээ гэж бодож бичсэн.
-Хамтарч ажилласны дараах сэтгэгдэл ямар байна?
-Маш гоё. Сэтгэл дүүрэн мэдрэмжийг авсан. Зөв үедээ зөв хүн рүүгээ чат бичиж ийм том боломжийг атгасан даа би болон манай хамт олон маш их баяртай байгаа.
-Залуу жүжигчний хувьд маш их зүйлийг сурсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Давхар зургийн даргаар ажилласан учраас асар их зүйлийг сурсан. “Zev film” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоотой ажилласан учраас бидний хувьд асар их туршлага хуримтлуулж, сурч мэдэж авсан гэж бодож байгаа.
-Хосоогийн дүр бодит амьдрал дээрх Ч.Түвшинтөгс хоёр зан характерийн хувьд хэр төсөөтэй вэ?
-Зан чанарын хувьд миний хувь хүнтэй төстэй. Хийж байгаа үйлдэл нь бол тэс өөр. Би чинь амьдрал дээрээ тийм шоучин хүн биш шүү дээ. /ИНЭЭВ/
-"Орлон тоглогч" кино олон хүнд хүрч байна. Ганц бие сахалтай залуу ч охидын сонирхлыг их татаж байх шиг байна. Танд энэ бүхэн яаж мэдрэгдэж байна?
-Олон нийтийн зүгээс гоё сэтгэгдлүүд их ирж байгаа. Залуу жүжигчний хувьд энэ бүхнийг маш таатайгаар хүлээж авч байгаа. "Дүрээ сайн гаргаж, мундаг жүжиглэсэн" байна гэх үгийг тийм их биш ч олон сонссон. Жүжигчин хүнд жүжиглэх ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, магтаалын үг сонсон гэдэг маш том шагнал байдаг. Тийм гэж хэлэхийн аргагүй гоё мэдрэмж.
-Бүсгүйчүүдийн хандлагын тухайд?
-Крашлаж байна шүү гэсэн охид мэр, сэр байна аа байна. /ИНЭЭВ/
-Кинондоо single статустай залуугийн дүрийг бүтээдэг. Амьдрал дээрээ ямар статустай байдаг бол?
-Хосоотойгоо адилхан ганц бие. Нэг бүсгүйтэй зургаан жил амьдраад хоёр тийшээ болсон. Single статустай болоод жил болж байна.
-Дүр болгон өөрийн гэсэн онцлогтой. Нийгэмд өгөх мессежтэй байдаг. Таны бүтээсэн Хосоо гэх залуугийн дүрийн онцлог нь юу вэ?
-Хүн харагдаж байгаа шиг ээ биш байдаг шүү гэдгийг хүмүүст хэлэхийг зорьсон юм болов уу гэж бодож байна. Одоо бол эмэгтэйчүүдтэй зугаацаж, архи эргүүлсэн бүтэхгүй нөхөр шиг санагдаж байгаа байх. Яг үнэн төрх нь ямар хүн юм бэ гэдэг яваандаа мэдэгдэнэ ээ л гэж хэлье даа.