Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульчийн зүгээс KFC нь хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн гэсэн бол KFC 2022 онд У.Уянгатай хамтран ажилласан рекламны зургийг AI-аар эмчийн хувцастай болгон өөрчилсөн гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 23 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "KFC" Mongolia компани эмч нарын баярын өдрийг тохиолдуулан хийсэн постердоо жүжигчин У.Уянгын зургийг зөвшөөрөлгүй ашигласан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Жүжигчин У.Уянга энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Хэзээ ийм зураг авахууллаа гэж цочтол авах юм аа, ядаж байхад эрэгтэй хүний бие дээр толгойг минь залгаад, мэнгэ арилгачихсан байна" гэж бичсэн байдаг. Жүжигчин У.Уянгын хувьд гадаадад амьдардаг учраас цагийн зөрүүнээс болоод бид холбогдож чадсангүй. Ингээд хуульч О.Батхүү, Монгол дахь KFC брэндийн маркетингийн үйл ажиллагаа хариуцдаг "Ар И Ди Эженси" компани болон ШӨХТГ-аас тодруулга авснаа хүргэе.

- KFC компани хоёр хууль зөрчсөн -

Хуульч О.Батхүү “KFC-ийн гаргасан үйлдэл нь дараах хуулиудыг зөрчиж байна. Тухайлбал, Зар сурталчилгааны тухай хууль болон Хувь хүний нууцын тухай хуулийг тус, тус зөрчсөн. KFC нь зөвхөн "Таван богд фүүдс" ХХК-ийх ч биш бөгөөд дэлхий даяар 145 салбар нэгжтэй. Өөрөөр хэлбэл, тус компани KFC-г оруулж ирэхдээ тодорхой хуулийн заалтуудыг мөрдөж ажиллана гээд гэрээ хийсэн болов уу. Тиймээс зөрчсөн хууль бүрээр "Таван богд фүүдс" ХХК- хариуцлага хүлээнэ гэсэн үг. Мөн хохирогч иргэн хуулийн байгууллагад гомдол гаргасан тохиолдолд үүнээс ч илүү хариуцлага хүлээх магадлалтай. Хамгийн ёс зүйгүй үйлдэл нь тус компани уучлал хүсээд, иргэний хохирлыг барагдуулах байтал юу ч болоогүй юм шиг тухайн сурталчилгааны материалаа устгасан явдал юм.

KFC: 2022 онд жүжигчин У.Уянгатай хамтран ажилласан рекламны зургийг ашиглан AI-аар эмчийн хувцастай болгон өөрчилсөн

Дээрх асуудалтай холбоотойгоор Монгол дахь KFC брэндийн маркетингийн үйл ажиллагаа хариуцдаг "Ар И Ди Эженси" компаниас тодрууллаа.

-“Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан KFC компани постер зургандаа жүжигчин У.Уянгын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн, фотошоп ашигласан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Манай компани 2022 оны наймдугаар сард жүжигчин У.Уянгатай хамтран ажиллах KFC39/53 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу оюуны өмч, бүтээл ашиглах онцгой эрх нь манай компанид байгаа гэж ойлгож болно. Тиймээс гуравдугаар сарын 30-нд тухайн рекламны зургийг AI /хиймэл оюун/ ашиглаад эмчийн хувцастай болгон өөрчилсөн. Гэхдээ зургийг нь өөрчилж “Эмчийн хувцастай болгосон” гэдэг зөвшөөрлийг авч, урьдчилж хэлээгүй нь алдаа болсон. Угтаа бол хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж мөрддөг.

-Одоогоор жүжигчин У.Уянгатай холбогдож өөрт нь тайлбар, мэдээлэл өгсөн үү ?

-Өөртэй нь уулзаж мэдээлэл өгөх гэсэн боловч гадаадад байгаа учраас уулзаж чадахгүй байна. Харин мессенжерээр холбогдоод “Тухайн үеийн гэрээгээ явуулаад, зургийг нь эмчийн хувцастай болгож өөрчилсөн, уучлаарай” гэдэг тайлбарыг өгсөн.

ШӨХТГ: KFC сүлжээ ресторантай холбоотой гомдол ирээгүй

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүнтэй утсаар холбогдоход “Манай төвд гомдол ирээгүй. Яг одоогоор манай төвөөс KFC сүлжээ ресторантай холбоотойгоор хяналт шалгалт хийгээгүй. Хэрэв гомдол бүртгэгдвэл холбогдох арга хэмжээг авна. "KFC" Mongolia компанид Худалдааны тухай хууль, Хэрэглэгчийн төлөө хууль хамааралтай гурван хуультай холбоотой гомдол саналд холбогдох арга хэмжээг авна. Зөрчлийн хэрэг үүсгэх хэмжээний зөрчил байвал Зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох торгуулийн арга хэмжээг авна.

О.Цогтгэрэл: Залуучууд ажил хийх тусам ядуурч, эх орноосоо дайжиж байна
О.Цогтгэрэл: Залуучууд ажил хийх тусам ядуурч, эх орноосоо дайжиж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.