"Universe Best songs" телевизийн шоунд оролцож олны хайр, хүндлэлийг хүлээсэн дуучин бол Улсын Филармонийн гоцлол дуучин СТА Б.Дэлгэрбаяр. Хоолойн цар хүрээ, авьяас чадвараараа бусдаас онцгойрдог түүний халамжит гэргий Х.Тунгалагтамир ч мөн Улсын Филармонийн хөгжимчин, СТА цолтой нэгэн. Түүгээр ч үл барав тэдний хоёр бяцхан үр урлагт тэр дундаа дуу, хөгжимд дэндүү хайртай гэнэ.
Магадгүй уншигч та бүхэн түүний том охин болох Д.Гоомаралыг "Voice Kids" шоунд оролцож, Наагий шүүгчийн багт тэнцсэн гэдгийг андахгүй мэдэж байгаа байх. Тийм ч учраас Б.Дэлгэрбаярын гэр бүлийг урлагийн төлөө төрчихсөн гэхэд хилсдэхгүй болов уу. Иймд Ubn.mn сайт энэ удаагийнхаа "Түүний тухай" булангийн зочноор Б.Дэлгэрбаярын гэр бүлийг онцолж байна.
Б.Дэлгэрбаярын гэр бүл сошиал орчинд тун идэвхтэй. Учир нь тэд сошиалаар тарж буй хар бараан мэдээний эсрэг багахан ч болов гэрэл гэгээ нэмэхийн тулд өөрсдийнхөө аз жаргалтай байгаа, бусдад амар тайван мэдрэмж төрүүлэх видео бичлэгийг цацдаг аж. Бас үр хүүхдүүдийнхээ баяр жаргалтай мөчүүд хийгээд хэзээ ч мартахыг хүсдэггүй сайхан дурсамжуудаа гэрэл зураг, видео бичлэг болгон хальсанд буулган хадгалдаг байна.
Угаас урлагийн гэр бүл тул ямар нэг хөгжмийн зэмсэггүйгээр энэ гэр бүлийг төсөөлөхөд бэрх. Гэтэл нэг битгий хэл нэлээн хэдэн хөгжмийн зэмсэг энэ өрхийг чимдэг. Хаалгаар нь орох төдийд цав цагаан төгөлдөр хуур нүдэнд тусах агаад түүнээс гадна морин хуур, хийл, баяан, үкүлэлэ зэрэг хөгжмийн зэмсгүүд байв. Бас хоёр бяцхан үр болох Д.Гоомарал, Д.Үйлстөгөлдөр нар бидэнд төгөлдөр хуур тоглон үзүүлж, уламжлан ирсэн авьяасаа багахан ч гэсэн хуваалцаад амжсан юм.
Дээр нь энэ гэр бүлийн гишүүн бүр пянз сонсох дуртай. Пянзаа сонсоод суухаараа тэд бүгд л аз жаргал, тайвшралыг мэдэрдэг аж.
Мөн Б.Дэлгэрбаярын гэр бүлийн уур амьсгал нэг л өөр. Халуун дулаан, баяр баясалтай. Үүний учрыг гэргий Х.Тунгалагтамир ханьтайгаа холбоотой хэмээсэн юм. Учир нь дуучин Б.Дэлгэрбаяр гэртээ үргэлж инээд хөөр бэлэглэж, хайртай ханиа, энхрий үрсээ аз жаргалтай, баяр баясалтай байлгахын тулд бүгдийг хийдэг аж. Бас өөрийнхөө хүүхэд ахуй насандаа үзэж байсан кино, хүүхэлдэйн кино зэргийг хүүхдүүддээ үзүүлж, тухайн киноны талаар хамтдаа ярилцаж, учрыг нь тайлбарлаж өгдөг гэнэ. Бас хүү, охин хоёрын хүмүүжлийг энд мартахгүй өнгөрч болохгүй.
Учир нь Д.Гоомарал, Д.Үйлстөгөлдөр нар бусдыг хүндэлдэг, соёлтой бас боловсролтой. Ялангуяа гэргий Х.Тунгалагтамир хүүхдүүдтэйгээ яг л найз шиг нь ярилцаж, хүүхдүүдээ илүү сайн ойлгодог нь хүүхдүүдийнх нь хүмүүжилд ч ихээхэн нөлөөлдөг гэж гэр бүлийн гишүүд магтацгааж байв. Бас аав, ээж нь тэднийг ямар нэг тэмцээн уралдаанд ороход нь үргэлж ард нь бат зогсож, сэтгэл зүрхээ зориулдаг гэнэ. Хамгийн наад захын жишээ л гэхэд сургуулийн урлагийн үзлэг. Хүүхдүүд нь ангийнхаа урдаа барьдаг авьяаслаг сурагчид учир аав, ээж нь ард нь зогсохоос ч аргагүй биз.
Хүү Д.Үйлстөгөлдөрийн хувьд "анимэ" үзэх дуртай бөгөөд тэр дундаа "Чөтгөрийн ангууч" анимэ-ийн Танжеро Комадогийн дүрд хайртай гэнэ. Учир нь энэ дүр нь бууж өгдөггүй, тууштай зан чанартай учир Д.Үйлстөгөлдөр хүү дуртай байдаг тухайгаа ярьсан бөгөөд урлагийнхаа үзлэгт Танжерогийн хувцастай сэлмийн үзүүлбэр үзүүлсэн байна. Харин том охин Д.Гоомарал хичээлдээ тун сайн төдийгүй төгөлдөр хуур, хийл тоглодгоос гадна Наагий шүүгчийн бэлэглэсэн үкүлэлэ хөгжмийг ч сураад амжжээ. Ийм ч учраас Б.Дэлгэрбаярын гэр бүлийг урлагийн төлөө төрчихсөн гэр бүл гэхэд буруудахгүй юм.
Түүнээс гадна гэр бүлийн гишүүд бүгд сэтгүүлч, хөтлөгч гэдэгт та итгэх үү. Тэд "Гэр бүлийн радио 104.5"-ын хөтлөгчид. Дуучин Б.Дэлгэрбаяр өглөө бүр сонсогчдод хүрдэг "930" шоу нэвтрүүлгийг хөтөлдөг бол гэргий Х.Тунгалагтамир нь "Гэрэлтэм эмэгтэйчүүд" хөтөлбөрийн хөтлөгч гэнэ. Харин хоёр бяцхан үр нь "Дүрэмгүй хонх" хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг байна.