Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эргэн ирсэн “ЗӨГИЙН ҮҮР“ хөтөлбөр хэрэгжиж, амжилгүй ЗАМХРАХ ВИЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 8 секунд

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор Монгол Улсын 122.3 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна гэжээ. Энэ нь нь 2010 оны тооллогоос 14.2 хувиар өссөн үзүүлэлт. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрийн насны буюу Монгол Улсын хүмүүн капиталууд.

Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авчээ. 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хийхээр ирцгээсэн бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй байжээ. Ихэнх нь тэндээ хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.

Тэд диплом, магистр, докторын зэрэгтэй мөртлөө гадаадад "хар" ажил хийх, цаашлаад Монголоос татгалзах сонголтыг хийж байна.

Хамгийн чухал нь Монгол руу буцах бодолгүй гэсэн иргэдийн 10 хүн тутмын 8 нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой. БНСУ-д ажиллаж байгаа эрэгтэйчүүд сард дунджаар 7.6 сая төгрөг, эмэгтэйчүүд 5.8 сая төгрөгийн цалин авдаг байна.

2023 оны "Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг тэдгээрийн үр нөлөө судалгаа"-нд “Гадаадад шилжих хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагаврууд үүсдэг учраас үндэсний түвшний бодлого, хөтөлбөрт гадаад шилжих хөдөлгөөний өөрчлөлтөд хариу үзүүлэх, өөрийн орны онцлогт тохирсон бодлогыг тодорхойлох, боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна” гэдгийг ч онцолсон байна.

Тэгвэл эдгээр иргэдийг эх оронд нь авчрах "ЗӨГИЙН ҮҮР" хөтөлбөрийг дахин эхлүүлэхээр болсон гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа дуулгав.

-Иргэдийг хүчээр барина гэж байхгүй. Тиймээс цалин нэмэх бодлогыг тогтмол хэрэгжүүлж байна-

Тэрбээр "Мэдээж иргэдийг хүчээр барина гэж байхгүй. Тийм ч учраас цалин нэмэх бодлогыг тогтмол хэрэгжүүлж байна. Хүмүүст нөгөө талдаа цалин нэмэхээр инфляци өснө гэцгээдэг. Гэхдээ цалин нэмэхээс өөр аргагүй. Харин инфляци өдөөгөөд байгаа хүчин зүйлийн эсрэг арга хэмжээ авах ёстой. 5-10 жилийн хөдөлмөрийн зах зээлд хийсэн судалгаагаар 2012-2022 оны хооронд цалингийн өсөлтийн инфляцийг нь цэвэрлээд харахаар 31 хувь, ам.доллараар бодвол 17 хувийн л өсөлттэй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн улс орны хувийн хэвшил, төрийн байгууллагуудын нийт цалингийн эзэлж байгаа хувь АНУ-д 60.4 хувьтай байхад Монголд 37.2 хувьтай байна.

Энэ нь манай нийт эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүнд хувь болон төрийн цалингийн сангийн эзэлж байгаа хувь нь бага байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөөд байгаа мөртлөө иргэдийн амьдралд мэдрэгдэх нь төдийлөн сайн биш гэдэг нь тоон үзүүлэлтээс харагддаг. Нөгөө талдаа цалин, бизнес хийх боломж бололцоо, амьдрах орчин нөхцөлөөс болж иргэд гадагшаа гарч байна. Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгөөд Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг сайдаар ахлуулсан "ЗӨГИЙН ҮҮР" хөтөлбөрийг дахин эхлүүлэх ажлын хэсэг гарсан. Залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг дахин хэрэгжүүлнэ. Гадаадад байгаа хүмүүс эх орондоо ирэхэд тодорхой хэмжээний хөшүүрэг, дэмжлэг, бодлого хэрэгтэй" гэв.

- 2010 онд хэрэгжсэн "ЗӨГИЙН ҮҮР" хөтөлбөр юу болов -

"Зөгийн үүр" хөтөлбөр 2010 онд анх хэрэгжсэн. Ингэхдээ өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих тэр бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр байх ёстой гэж үзэж тухайн үеийн эрх баригчид "томорч" байв. Тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Ирцгээ та нар минь, улс бодлогоор дэмжинэ шүү. Эх орондоо хийж бүтээ. Бид хөгжиж байна" хэмээн уриалсан. Гэвч уг хөтөлбөрийн үр дүнд хэдэн хүн эх орондоо ирсэн, аль салбарт ажиллаж байна гэх хэрэгжилтийг дүгнэсэн мэдээлэл алга.

Уг санаачилга нь эдийн засгийн тэргүүлэх чиглэлд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа онц шаардлагатай ажлын байранд гадаадад нарийн мэргэжил, туршлага эзэмшсэн иргэдээ татан оролцуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх зорилготой байв.

- Төрөлт буурч, ажиллах хүчний ДУТАГДАЛД оржээ -

Монгол Улсын хувьд төрөлт жил ирэх тусам буурсаар байна. 2023 онд нийт 64.3 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 1300 буюу хоёр хувиар буурсан үзүүлэлт юм. Төрөлтийн сүүлийн таван жилийн мэдээллийг харвал 2019 онд 78.2 мянган хүүхэд төрсөн бол энэ үзүүлэлт жил ирэх тусам буурсаар 2023 онд хамгийн бага буюу 64.3 мянга хүрч, 13.9 мянгаар буурчээ.

Төрөлт ийнхүү буурсан нь хөдөлмөрийн зах зээл, цаашлаад нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэрийн тогтолцоонд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "1990-2005 оны хооронд буюу 15 жилийн хугацаанд төрөлт огцом буурсан. 1990 онд 54.3 мянган хүүхэд төрсөн бол 2005 онд 45 мянган хүүхэд төрсөн байна. Тэгэхээр 15 жилийн хугацаанд 18-33 насны 250-300 мянган хүн хөдөлмөрийн зах зээл дээр орж ирэх ёстой байсан. Ийнхүү төрөлт буурсан нь ажил олгогчдын зовлон болсон гэдгийг хэлж байна. Боловсон хүчний ур чадварын хувьд ч их зөрүүтэй. Их дээд сургуулиуд, боловсролын байгууллагууд эдийн засгийн өсөлт хаашаа явж байна, үүнд тулгуурлаж боловсон хүчнээ бэлдэх ёстой. Гэтэл нөгөө л хэдэн чиглэлээрээ боловсон хүчин бэлддэг.

Жишээлбэл, оюутнуудын 4 хүүхэд тутмын 1 нь бизнесийн удирдлага, үйлчилгээний чиглэлээр төгсөж байна.

Эдийн засаг, улс орны хөгжлөө дагаад ААН-үүдийн эрэлт хэрэгцээ нь одоо өөр болсон. Гэтэл дэлхийн улс орнуудын хөгжлийн гол түлхүүр болсон инженер, математикийн чиглэлээр төгсдөг оюутнууд маш бага. Эдгээр төгсөгчдийн тоог нэмэхгүйгээр шинжлэх ухаанч, хөгжилд тэргүүлсэн улс болно гэж ярихад хэцүү.

Тиймээс төр өөрөө захиалгаа өгөөд боловсон хүчнээ бэлддэг тогтолцоо руу орох ёстой. Хамгийн чухал нь энэ чиглэлд оюутнуудыг сургахад боловсролын зээлийн сан, тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамруулах нь чухал.

Хувийн хэвшилд, мэргэжилтэн бэлтгэж өгөх нь битгий хэл, төр өөртөө хэрэгтэй байгаа мэргэжилтэнг бэлтгэж чадахгүйд хүрсэн. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцах нарийн мэргэжлийн хүмүүс буюу тусгай хэрэгцээт боловсролын багш олдохгүй байна" гэдгийг онцлов.

-Одогсодын төрдөө захисан захиас-

Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авахад:

  • Монгол Улсад эргэн очиход гадаадад их дээд сургуульд суралцаж төгссөн иргэдээ төр болон хувийн байгууллагуудад ажилд зуучлах,
  • Орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, амьдрах орчин,
  • Нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулах,
  • Буцаж ирэхэд шаардлагатай зуучлал, хөнгөлөлт, зээлийн бодлого,
  • Хөтөлбөр боловсруулах, хувь нь бизнес эрхлэх боломжуудыг нэмэгдүүлэх болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татварын хөнгөлөлттэй болгож, гаалийн татвар, хураамжийг багасгахыг хүсжээ.

Тиймээс гадагшаа одогсдыг торгоох бодлого баримтлахгүй бол энэ янзаараа бол Монгол Улс дараагийн Латви, дараагийн Венесуэл болоход гайхах зүйл алга.

Комедиан Д.Амартүвшин Либертари нам байгуулах хүсэлтээ Дээд шүүхэд дахин өглөө
Комедиан Д.Амартүвшин Либертари нам байгуулах хүсэлтээ Дээд шүүхэд дахин өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.