Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-ын шаардлагын хэрэгжилтийг хангаагүй төр болон хувийн хэвшлийг зарлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 13 секунд

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2024.03.28/ 2023 онд эрх бүхий албан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Одбаяр нар мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын гишүүд нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Комисст ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлэхтэй холбоотой бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 зүйлд заасны дагуу байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлага, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Комиссын гишүүний зөвлөмжийг тус, тус хүргүүлдэг.

Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргийг хуулиар хүлээдэг.

Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй бөгөөд Комиссын гишүүн хүний эрхийн зөрчил, хэрэгжүүлэх арга хэмжээний онцлогоос хамааран хариу мэдэгдэх хугацааг өөрөөр тооцож болдог.

-Комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийн зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах,

-Харин Комиссын гишүүний зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах, биелүүлэх хүртэлх хугацаанд хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг нь түр зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болно.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮД 2023 ОНД

-Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзэж зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний 26 шаардлага,

-Харин хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 61 зөвлөмжийг холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн.

Комиссоос гишүүний нийт 87 шаардлага, зөвлөмжид туссан 452 заалтыг агуулгаар нь авч үзвэл,

  • хөдөлмөрлөх эрх
  • хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх
  • жендерийн эрх тэгш байдлын талаарх эрх
  • хүүхдийн эрх
  • хүүхдийн сурч боловсрох эрх
  • ерөнхий боловсролын сургууль
  • дотуур байрны орчин нөхцөлийн талаар өгсөн шаардлага, зөвлөмжийн тоо, хувь хамгийн өндөр байна.

Шаардлага, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт ч хангалттай үнэлэгдэж байгаа нь тодорхой ахиц, үр дүнд хүрсэн байна гэж үзлээ.

Комиссын гишүүдээс 2023 онд холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийг эрхийн төрлөөр нь ангилж үзвэл, 32 шаардлага, зөвлөмжийг иргэний болон улс төрийн эрхийн асуудлаар, 55 шаардлага, зөвлөмжийг эдийн засаг, нийгэм соёлын эрхийн асуудлыг хөнджээ.

Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллагаар нь авч үзвэл

  1. Засгийн газар, яам агентлаг түүний салбар нэгжид 9,
  2. Хууль сахиулах байгууллагад 16,
  3. Нийслэл орон нутгийн Засаг даргад 62,
  4. Төрийн үйлчилгээ, Төрийн өмчит аж ахуйн тооцоот байгууллага-д 25,
  5. хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад 11 шаардлага, зөвлөмж хүргүүлсэн.

Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг 2023 оны байдлаар авч үзвэл

  • 41 нь бүрэн хэрэгжсэн,
  • 25 нь хэрэгжих шатанд,
  • 13 нь хэрэгжилт хангалтгүй
  • 8 нь хэрэгжээгүй байна.

ХЭРЭГЖИЛТ ХАНГАГДААГҮЙ ШААРДЛАГА

Тухайлбал:

  1. Номин реалтор ХХК-нд Үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхийн талаар өгсөн шаардлага 50 хувь
  2. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-нд Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хөдөлмөрлөх эрхийн талаар хүргүүлсэн шаардлага 50 хувь хэрэгжилттэй байна.
  3. Харин Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн талаар хүргүүлсэн Комиссын гишүүний шаардлага 10 хувиас доош үзүүлэлттэй байна.

ХЭРЭГЖИЛТ ХАНГАГДААГҮЙ ЗӨВЛӨМЖИЙН ТУХАЙД

  1. Архангай аймгийн Засаг даргад Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хүргүүлсэн зөвлөмж болон
  2. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн талаар өгсөн Комиссын гишүүний зөвлөмж 40 хувийн хэрэгжилттэй байна. Харин
  3. Монгол шуудан ХК-нд Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн талаар
  4. Ховд аймгийн Засаг даргад Албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн талаар
  5. Мянганы сорилтын санд Хөдөлмөрийн харилцаан дах хүний эрхийн талаар
  6. Увс аймгийн Эрүүл мэндийн газар болон Бадрах энержи ХХК-нд Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн талаар
  7. “Зайсан энхжин” СӨХ-д Хувийн мэдээлэл хамгаалах эрхийн талаар хүргүүлсэн Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт 10 хувиас доош үзүүлэлттэй байна.

Комиссын гишүүдээс 2023 онд өгсөн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй 9 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох албан тушаалтанд хандсаны дагуу хэрэгжилт 71.4 хувь, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй 6 байгууллагын холбогдох албан тушаалтанд тодорхой арга хэмжээ авхуулах санал хүргүүлсний дагуу хэрэгжилт 83.3 хувьтай байна.

Комиссын гишүүдийн шаардлага, зөвлөмжөөр байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай өгсөн үүргийн хэрэгжилтийг 100 хувь хангасан байгууллага цөөнгүй байна. Тухайлбал,

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирал
  2. Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг дарга
  3. Санхүү, эдийн засгийн их сургуульд хүргүүлсэн Комиссын шаардлага зөвлөмжийн хэрэгжилт 100 биелэгдэж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авч ажилласныг энд цохон тэмдэглье.

Ж.Батзандан: Би эрх чөлөөт иргэн боллоо. Тэмцлээ үргэлжлүүлэх болно
Ж.Батзандан: Би эрх чөлөөт иргэн боллоо. Тэмцлээ үргэлжлүүлэх болно
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.