Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГУРАВДУГААР РАУНД: Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын “тулаан” С.Зоригийг амиа алдсаны маргааш хуралдсан ЗГ-ын хуралдааны нууц тэмдэглэлийг ил болгосноор эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 0 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн нүүрний эгнээнд гарч ирсэн цагаасаа л бизнес, улс төрийн хэсэг хүмүүсийг “Ц.Элбэгдоржийн бүлэглэл” гэж нэрлэж, өнөөдрийг хүртэл үзэлцэж байна. Товчхондоо, энэ удаагийн “тулаан” бол энэ хоёр хүний гуравдугаар раунд. Эхний үе нь “Эрдэнэтийн 49” хувь. Хоёр нь дахь үе нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөл” зэрэг “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбогддог төслүүд. “Эрдэнэт”-ийн асуудал ч гэсэн цагтаа “эзэн” гэж нэрлэгдэх хүртлээ томорсон байсан Д.Эрдэнэбилэгтэй шууд холбогддог. Эхний хоёр үе албан ёсоор хонх цохиж дуусаагүй ч одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ илтэд хошуулчилж байгааг өрнөсөн үйл явдлууд гэрчилнэ. Одоо гагцхүү шүүгч л алхаа цохичихвол улсаараа эцсийн хариуг нь харах учиртай.

Тэгвэл тэдний “тулаан”-ы шинэ үе ийнхүү албан ёсоор эхлэхэд бэлэн болжээ. Ер нь сонгуулийн жилийн хавар өрнөдөг улс төр нам дотроо бус, нөгөө нам руугаа чиглэлтэй байдаг. Ялангуяа өөртөө хохирол учруулж болзошгүй лидерийг нь онилж үзэлцэх нь бичигдээгүй дүрэм. Гэхдээ Лу.Гантөмөр бол одоогийн МАН-д, Ерөнхий сайдад хохирол үзүүлэх хэмжээний лидер мөн эсэх нь өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээрээ л байна. Харин түүний оронд өнгөрсөн хугацаанд алдсан баялаг, эрх мэдэл, хөрөнгө санхүүгийнхээ төлөө энэ сонгуульд өөрт байгаагаараа бооцоо тавьж мэдэх хүнийг эртнээс ийнхүү Ерөнхий сайд амлаж авсан бололтой.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт сонгууль хүртэл хэрэглэх улс төрийн гол зэвсэгээ улс төрийн хүрээнд ил гаргаж “үзүүлэв”. Тэр нь С.Зоригийн хэрэг ба Ц.Элбэгдорж байх бололтой. Тиймээс л ЦЕГ-ын саналаар Засгийн газрын хуралдаанаас С.Зориг агсныг амиа алдсны маргааш хуралдсан ЗГ-ын ээлжит бус хуралдааны нууцын зэрэглэлтэй тэмдэглэлийг ил болгож буй хэрэг. Уг ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж байсан хүн нь тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Элбэгдорж. Ардчилсан холбоо эвслийнхэн Ерөнхийлөгч Н.Багабандид зөвшөөрүүлж чадахгүй, Да.Ганболдыгоо долоо удаа буцаалгаад байсан тэр цаг үе. Ингээд харамсалтай хэрэг гардаг өдөр эвслийнхэн Дэд бүтцийн сайд С.Зоригийг Ерөнхий сайдад томилохоор улс төрийн хүрээнд тохиролцсон. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх Ардчилсан холбоо эвслийн хурал нь болох байсан ч маргааш болтол хойшилж, тухайн өдөртөө С.Зориг агсан амиа алдсан гэдэг.

1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр. Тухайн үед огцроод дөрвөн сар болчихсон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахдаа ямар шийдвэрүүд тухайн үед гаргаж, юу гэж хэлж байсныг бид удахгүй нээлттэй үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт яг ямар сэжүүр гарсан болоод 26 жилийн өмнөх Засгийн газрын хаалттай хуралдааны нууцад авсан тэмдэглэлийг ил болгож байгаа вэ. Үүний цаана ирэх өдрүүдэд Монголын улс төрд ямар үйл явц өрнөх вэ. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын толгойлж хуралдуулсан хуралдааны нууц тэмдэглэл танхимын тэргүүн рүүгээ хэр гүнзгий чиглэх вэ гэх зэрэг сонирхолтой агуулгууд хариулт нэхсээр үлдэж байна.

Магадгүй сонгууль бүрийн өмнө л энэ хэргийн дуулианаар улстөрчид “голоо зогоодог” гэсэн хандлагаар нийгэм энэ удаад ч хүлээж суугаа байх. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад, Б.Хурцыг ТЕГ-ын даргаар ажиллаж байхад гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүгдэж, хилс хэрэг хүлээсэн хэмээн энэ цаг үед цагаадсан байгаа явдал юм.

Тиймээс хэрэг талаас нь хуулийнхан зарим сэжүүрийг тун удахгүй гаргаж ирэх бололтой. Харин улс төр талаас нь уг хэргийн шинэ үйл явц улстөрчидтэй холбогдож багагүй бужигнах бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зарим томоохон улстөрчдийг уг хэрэгт холбогдуулан онцгойлон шалгах үйл явдлууд өрнөх гэнэ.

Энэ сарын 15-нд нээлтээ хийх хаврын чуулганаар 3-4 сонсгол зохион байгуулна
Энэ сарын 15-нд нээлтээ хийх хаврын чуулганаар 3-4 сонсгол зохион байгуулна
 
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.