Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АСУУДЛЫН МӨРӨӨР: Иргэн А.Сүхбат цэцэрлэгт хүрээлэн доторх хуучин морин тойруулгын 1.3 га газрыг 2006 онд 25 сая төгрөгөөр худалдан авсан ч шүүхээс тус газар нь ҮХЦ-гийн өмч тул чөлөөл гэсэн шийдвэр гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 46 секунд

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор хувийн адууны хашаа байдаг гэх юм. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар улны ард иргэдэд нь алга дарам олдохгүй байхад арай ч дээ" гэх мэдээлэл өчигдөр цацагдаж, олон нийтийг багагүй бухимдуулсан.

Ногоон байгууламж бүхий тохижилт ихтэй үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор хувь хүний эзэмшлийн хашаа байдаг гэдэг нь олны дургүйцлийг хүргэснээс гадна олон тооны адуу хашсан байсан нь шүүмжлэл дагуулав.

Ү.ОЮУНЗУЛ: ҮЦХ-ГИЙН ӨМЧ УЧИР А.СҮХБАТ ГЭХ ИРГЭНИЙ ХАШААЛСАН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ ӨГӨХ ЁСТОЙ ГЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН

Үүссэн асуудалтай холбогдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзултай уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Цэцэрлэгт хүрээлэн дотор хувийн адууны хашаа байдаг гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү. Тодорхой мэдээллийг өгч болох уу?

-Өвлийн улиралд манай байгууллагад тулгамддаг хамгийн бэрхшээлтэй зүйлүүдийн нэг нь ногоон байгууламж бүтээсэн хэсэг рүү эзэнгүй адуу нэвтэрч орж ирдэг асуудал. Учир нь манайх арын хэсгээрээ л хашаалсан. Туул голын эрэг дагуух урд хэсгээрээ хашаалаагүй. Энэ хэсгээр эзэнгүй адуу их орж ирдэг. Зарим малчид өвс сайтай, орчин сайтай гэх шалтгаанаар санаатайгаар адуугаа хашаа руу тууж оруулах тохиолдол ч бий. Бид нийслэлээс гарч байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээс гадна хамтарч ажиллах боломжтой бүх газруудтайгаа хамтарч үүнтэй тэмцэж байгаа ч нэг шөнө дунджаар 2-5 азарга адуу тогтмол манай хашаа руу орж ирээд байгаа. Хамгаалагчид болон харуулууд ногоон байгууламжаа хамгаалахын тулд адуунуудыг гаргах, гаргаж чадахгүй бол цэцэрлэгт хүрээлэнгийн голд байдаг энэ хашаа руу түр хашаад маргааш нь Экологийн цагдаа болон цагдаагийн газар, тухайн адууны эзэн болон бусад холбогдох газрууд руу мэдээлж шаардлагатай арга хэмжээг аваад тухайн адууг гаргадаг. Энэ процесс сүүлийн жилүүдэд манай цэцэрлэгт хүрээлэнд тогтмол өрнөж байгаа тулгамдсан асуудал. Харамсалтай нь энэ бүхнийг бүрэн шийдэх гарц гаргалгаа тодорхойгүй байна. Манай харуулууд адуунуудтай хөөцөлдөж өдрийг өнгөрүүлдэг гэхэд болно. Цаашдаа нийслэл, ИТХ-аас баталсан журмууд хэрэгжээд, нийслэл хот руу орж ирсэн малыг эздэд нь өгөхдөө тодорхой хэмжээний торгууль төлдөг болох юм бол нөхцөл байдал арай дээрдэх болов уу. Малчид ч хариуцлагатай ханддаг болно гэж бодож байна.

-Адуу хашчихсан байгаа хашааны талаар мэдээлэл өгөөч. Цэцэрлэгт хүрээлэн дотор хувь хүний эзэмшлийн хашаа байх боломжтой юм уу?

-Цэцэрлэгт хүрээлэн анх 2009 онд байгуулагдсан. Үүнээс өмнө энэ хашаа баригдчихсан. Дотор нь жижиг хэмжээний байгууламжтай байсан. Энэ асуудалтай холбоотой бүх шатны шүүх хурал болоод дууссан. Шүүхийн шийдвэр А.Сүхбат гэдэг иргэний хашаалсан газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өмч учраас чөлөөлж өгөх ёстой гэж гарсан. Одоо ШШГЕГ-аас энэ газрыг чөлөөлж, хашаа болон доторх байгууламжийг нь буулган эзэнд нь хүлээлгэж өгөх процесс үлдсэн. Бид нар энэ газар дээр нь олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн загвар бүхий 12 төрлийн мод тарих зураг гаргаж, дэлхийн монголчууд гэдэг төсөл хэрэгжүүлэхээр хашааг нь тойруулаад моднуудаа тариад эхэлчихсэн байгаа.

-Таны хэлээд байгаа иргэн А.Сүхбат гэх хүнийг бидний мэдэх А.Сүхбат аварга гэх мэдээлэл цацагдсан байсан. Үүн дээр тайлбар өгөөч А.Сүхбат аварга мөн үү?

-Одоо яригдаад байгаа шиг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд өгчихсөн. Тэр хүн нь адуугаа оруулж ирээд хашаад байгаа зүйл огт байхгүй. Би энэ хүрээлэнгийн ажлыг 2017 оноос хойш мэдэх юм байна. Энэ хугацаанд тэр хашааны эзэн гэж нэг ч хүн ирж байгаагүй. Хүрээлэн байгуулагдахаас өмнө тухайн иргэний эзэмшилд, үйл ажиллагаа явуулж байсан газар нь юм байна лээ. Гэхдээ гэрчилгээ бол байхгүй. Энэ 973 га газрын гэрчилгээ тэр чигээрээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр байдаг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

ИРГЭН А.СҮХБАТ: ХУУЧИН МОРИН ТОЙРУУЛГЫН 1.3 ГА ГАЗРЫГ МИНИЙ БИЕ 2006 ОНД 25 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН

А.Сүхбат гэх иргэний 2022 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад,

"А.С миний бие иргэн Д.Б-гээс хуучнаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучин морин тойруулгын 1.3 га газрыг хашаа, барилга байгууламжийн хамт иж бүрнээр нь 2006 онд 25,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчилж, эзэмшиж ирсэн. Д.Б тухайн үед уг газрыг гэрчилгээ гараагүй, хувьчилсан шийдвэртэй учраас гаргуулаад авахад асуудал үүсэхгүй гэж байсан. Үүнээс хойш удаа дараа холбогдох байгууллагуудад гэрээ, гэрчилгээжүүлэхээр хандсан боловч миний газар эзэмших эрхийг олгож гэрээ байгуулж, гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Ингэж явсаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчин 2006 онд миний худалдан авсан 1,3 га газрыг хамруулан давхцуулан олгосон. Энэ бол илт хууль бус үйлдэл. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олгосон Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжийн 1.3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна" хэмээсэн байна. Нэхэмжлэгчийн эл хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэгч А.Сүхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж байсан.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулын бидэнд өгсөн мэдээллээр Энэ асуудалтай холбоотой бүх шатны шүүх хурал болоод дууссан. Шүүхийн шийдвэр А.Сүхбат гэдэг иргэний хашаалсан газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өмч учраас чөлөөлж өгөх ёстой гэж гарсан гэх мэдээллийг өгсөн. Тиймээс өдгөө ШШГЕГ-аас энэ газрыг чөлөөлж, хашаа болон доторх байгууламжийг нь буулган эзэнд нь хүлээлгэж өгөх процесс үлдсэн аж.

Маргааш нийслэлд өдөртөө ялимгүй цастай
Маргааш нийслэлд өдөртөө ялимгүй цастай
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.