Манай улсад 200 орчим сая төгрөгөөр үнэлэгддэг “Ланд 200” маркийн автомашиныг албан хэрэгцээнд зориулан 900 орчим сая төгрөгөөр авсан зөрчлийг АТГ-аас дахин шалгаж эхэлжээ.
Тодруулбал, өмнө нь АТГ уг асуудлыг шалгаж, “төслийн тодорхой нөхцөлөөс үүдсэн бөгөөд эрүүгийн хэрэг биш” гэж үзэн хаах санал гаргаж, саналыг прокурор хүлээн авснаар хаагдаж байсан юм.
Тэгвэл Үндэсний аудитын газраас дахин гомдол гаргаснаар тэр үеийн албан тушаалтнуудыг АТГ-аас дахин шалгаж эхэлсэн байна.
Уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дурьдвал, тус Ланд 200 автомашиныг анх Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд галын командлагч машины зориулалттайгаар авч байжээ.
Нийлүүлэлтийг Японы “Мицүбиши” гүйцэтгэсэн бөгөөд Австралийн нисэх буудлын гал унтраах чиглэлээр мэргэшсэн компани тоноглосон юм байна. Тухайн үед шинэ нисэх буудлыг ашиглалтад орсны дараа шууд ИНЕГ-т хариуцуулна гэсэн хүлээлттэй байжээ. Тиймээс л галын командлагчийг Ланд 200 автомашиныг тоноглох замаар шийдэж болно гэсэн саналыг харгалзан үзсэн байна.
Улмаар галын тоноглол бүхий Ланд 200 нийт 723 сая төгрөгийн өртөгтэйгөөр нийлүүлэгдсэн аж.
Төслийн нэгжээс шинэ нисэх буудлын 150 гаруй машин механизм, 100 гаруй бусад үл хөдлөх хөрөнгийг төслийн гүйцэтгэл дуусаад ИНЕГ-т хүлээлгэн өгсөн байна.
Э.Намуун