Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гэрэлмаа: Вакцин гарсан тохиолдолд Монгол улсын хүн амын 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй хамруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Гадаад харилцааны яамнаас цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал, Ковид-19-ийн вакцин, гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа, Ногоон гарц түр журмын хүрээн авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа: 

"Монгол Улсад байгаа НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас санаачлан НҮБ-тай хамтран Ковид-19 Монгол улсын нийгэм, эдийн засагт ямар хор хөнөөл учруулж буй талаар томоохон судалгаа хийсэн.

Судалгааны дүнгээс харвал Цар тахлын нөлөө Монгол Улсад маш хүчтэй нөлөөлж байна. Гэхдээ уг нөлөө нь одоогийн байдлаар бүрэн мэдрэгдэж дуусаагүй, цаашид 2-3 жил үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн. 

Жишээ нь, ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлсөн нь судалгаагаар гарсан.

Мөн судалгаанаас харахад Ковид-19-ийн нөлөөнд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх айлууд, залуу гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан цөөн тооны малтай малчин иргэд их хэмжээгээр өртөнө гэсэн судалгаа гарсан байна.

Иймээс эдийн засгийг сэргээж, ард иргэдэд тэгш боломж олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх гэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тусгаж хэрэгжүүлж байна. Үүнд 50 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ба 50 хувийг нь НҮБ дангаараа гаргах боломжтой, үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байгаа" гэв.

Дараагийн асуудал болох вакцины асуудлаар товчхон мэдээлэл өгье. Манай улс ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцин л хэрэглэнэ. Вакцин гарсан тохиолдолд манай улсад нэн тэргүүнд нийлүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргасан байгаа. Одоогоор туршилтын шатыг даван үйлдвэрлэлд шилжсэн нэг ч вакцин байхгүй гэж мэдэгдсэн. Вакцин гарсан тохиолдолд Монгол улсын хүн амын 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй вакцинд хамруулах зохицуулалтыг Гадаад харилцааны яам хийж, ажиллаж байна.” гэлээ.

Хөрш орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны сүүлийн үеийн өрнөлийн талаар Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг:

2021 оныг Монгол-Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгон зарлаж, энэ хүрээнд 2 талаас идэвхтэй хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн байна.

Үүнээс гадна ОХУ Ковид-19-ийн эсрэг вакцин бүртгүүлснээ зарласныг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ ДЭМБ-аас хараахан баталгаажаагүй байгаа. Гэсэн ч хамгийн түрүүнд болон цаашид олноор үйлдвэрлэх боломжтой орон гэдэг үүднээс Оросын талаас вакцин нийлүүлэх боломжийг судалж, хүсэлт тавьсан байгаа. Уг хүсэлтийн хариу өнгөрсөн 7 хоногт ирсэн. Вакциныг гадаад зах зээлд борлуулах ажлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хариуцах юм байна. Тус сангийн зүгээс  вакцинтай холбоотой нарийвчилсан асуудлаар Монголын талаас манай талтай шууд харилцаж ажиллах байгууллагынхаа мэдээллийг ирүүлнэ үү гэсэн санал хэлсэн байгаа. Уг саналд УОК, ЭМЯ зэрэг байгууллага судалж хариу өгнө гэлээ.

 

 

Коронавирусээр өвчилсөн 298 хүний 9 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна
Коронавирусээр өвчилсөн 298 хүний 9 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна
 
ИРЦ: Төрийн ордны гадна Х.Баттулгын эсрэг иргэд жагсаж, Х.Баттулга чуулганы хуралдаанд ирээгүй байна
ИРЦ: Төрийн ордны гадна Х.Баттулгын эсрэг иргэд жагсаж, Х.Баттулга чуулганы хуралдаанд ирээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.