Ердөө хоёр жил гаруйхны өмнөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль чухамхүү “хэргээ хийж” байна гэж хэлмээр санагдана. Хөгжлийн банкны асуудал, нүүрсний хулгайн хэрэг гэх мэт нийгмийг цочроож доргиосон томоохон сэдвүүдийг илчлэн уудалж, бидний нүдэн дээр дэлгэж тавьсан. Энэ удаа Монголын парламент урт удаан хугацаагаар бугшиж бугласан “газрын асуудал”-ыг барьж авлаа.
Газар. Энэ үг эх орон гэж ойлгогддог. Төрсөн нутаг, унасан бууц гэж сонсогддог. Эрх чөлөө, амь амьсгалтай минь хамт байдаг. Улс орон, тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийн эн тэргүүнд бичигддэг. Эцэг эх, үр хүүхэд шиг миний, бидний гэж өмчилж, өмөөрмөөр тийм үнэ цэнийг агуулдаг. Газрын тухай асуудалд өөр хоёрдмол утга агуулга огтхон ч байхгүй. Монгол хүн бүр энэ үнэ цэнийг хэдэн үеэрээ мах цусандаа шингээж, уламжилж явдаг. Олон мянганы турш өвлөн амьдарсан нутаг ус, газар бэлчээрээ хайрлан хадгалахын ухааныг бид заалгадаггүй, заяадаг.
Харамсалтай нь, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал яригдаж, шийдэгдэж эхэлсэн цагаасаа ээдрээ сүлбээ, ов залийн “хонгилоор” туугдаж, эрх мэдэлтэй заримын “мөнгөний машин” болж хувирсныг дээр, дооргүй хэлэлцэж, толгой сэгсрэн гасалцгаасаар удаж байна. Ялангуяа, уул уурхай, тариалангийн эдэлбэр, нийслэлийн газар олголттой холбоотой хэл ам, хэрүүл тэмцэл сүүлийн жилүүдэд тасраагүй гэж болно. Нүүрсний хулгайн хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт гадаадын иргэдэд газрыг дуудлагаар зарж борлуулан эзэмшүүлсэн хэрэг явдал ил болж, уг асуудал нэгэнт “улаан дохионы түвшин”-д хүрснийг харуулсан. Хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэхээр зааж, энэ заалт даруй 10 гаруй жил хэрэгжсэн нь “газар”-ын асуудлыг иж бүрнээр хянан шалгахаас аргагүй нөхцөл байдлыг үүсгээд байна.
УИХ-д Ажлын хэсэг байгуулагдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар өөрөө биечлэн мэдээлэл хийж, урьд өмнө байгуулагдаж байсан Ажлын хэсгүүдээс хамаагүй илүү ач холбогдолтой болохыг тодотгохдоо бүрэлдэхүүнд нь дандаа Байнгын хороодын дарга нар байгааг онцолсон юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр болон бусад. Үндсэндээ Парламентын удирдах бүрэлдэхүүн бүрнээрээ энэ ажлын хэсэгт багтлаа. Үүнээс газрын асуудалд УИХ асар өндөр ач холбогдол өгч буйг харж болмоор.
Ажлын хэсэг газрын асуудлаарх бүхий л хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт, тэдгээрийн нугалаа завхрал, онгорхой цоорхойг нягтлан үзэх бөгөөд уг асуудлыг бүхэлд нь хянан шалгах Түр хороог байгуулж ажиллуулах бэлтгэлийг хангана. Тэрхүү Түр хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу өмнө нь Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлаар хийсэнтэй адил нээлттэй сонсголыг Хаврын чуулган эхэлмэгц зохион байгуулж, ард нийтийн нүд, чихнээ ил болгоно. Далд, нууц байгааг нь уудалж гаргана, олон түмний шүүлтүүрээр оруулна гэсэн үг. Зүгээр хянан шалгаад зогсохгүй ирээдүй үеэ, үр хойчоо бодсон шийдвэр гаргаж, газрын харилцааны тогтолцоог зөв болгож, цоо шинээр тавихад энэ үйл явц чухал үүрэгтэй. Удахгүй УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байгаа Баялгийн сангийн тухай хууль, түүний үзэл баримтлал, зохицуулах харилцааны үндэс суурь нь газар, газрын хэвлийн баялаг юм. Газрын хэвлийн баялгийн орлогынхоо 1.0 доллар тутмын 99 центийг хэрэглэж, үрж байна гэсэн статистик судалгаа гарсан байдаг. Ирээдүй хойчдоо ердөө 1.0 цент үлдээж байгаа маань хэтэрхий хувиа хичээсэн, алсын хараагүй, нэгдсэн бодлогогүй хэрэг юм.
Улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай шийдвэр, хууль тогтоомж гарах нөхцөлийг хяналт шалгалтын энэ цогц ажлаар бүрмөсөн хаана гэдгээ УИХ-ын дарга шийдвэртэй илэрхийлсэн. Улс төрийн болон удирдлагын нөмөр нөөлөг болж тэрбээр Ажлын хэсгээ түлхэж ажиллах нь тодорхой. Асуудлыг ингэж эмх цэгцэнд оруулах цаг болсон. Гэвч тэдний өмнө саад тотгор бишгүй тохиолдох нь мэдээж. Учир нь шударга бусаар хөлжигсөдийн эрх ашиг “газар”-т хэтэрхий гүн шигдсэн байх магадлалтай.