АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Америкийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн салбарт хоёр томоохон шинэтгэлийг хийхээр зорьж буйгаа дурьдлаа. Тодруулбал, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, хувийн аж ахуй нэгжийг дэмжих, төр өөрөө бизнес хийх замаар хувийн хэвшилтэй өрсөлддөг явдлыг хязгаарлах бодлогыг барьж байгаа тухайгаа онцлов.
Коронавирус цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед Монгол Улс донор байгууллагуудтай бизнесийн салбарт хамтарч, эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөтэй байгааг салбарын сайд чухалчилсан юм. Тэр дундаа 2013 онд байгуулсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ажилд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч, хамтран ажиллана гэдгийг хэллээ.
Талууд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэхэд хамтарч ажиллахаас гадна ил тод хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Шашны тухай хууль болон Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн зарим асуудлаар санал солилцож, эрчимжүүлэхээр боллоо.