Цас, зудын нөхцөл байдал болон ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар УОК, ЦУОШГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, "Улсын хэмжээнд 189,272 мянган малчин өрх хүндэрсэн нөхцөл байдалд байна. Үүнээс өвс тэжээл дууссан 39.414, хүнс хоолны хэрэгцээтэй 7800, түлээ түлшний тасалдалтай 5800, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13.000 малчин өрх байна. Улс болон аймаг, сумдын нөөцөд хадгалагдаж байгаа өвс тэжээлийг малчин өрхүүдэд эхний ээлжид хүргэх, хоёрдугаар ээлжинд Хөдөө аж ахуйн корпораци дээр хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг аймаг орон нутгуудад хоёр дахь ээлжийн хангалт болгон хүргэх ажлыг зохион байгуулж байна. Одоогоор дөрвөн аймагтай гэрээ байгуулж, Хэнтий аймаг эхний татан авалтуудаа хийж эхэлсэн. Дараагийн ээлжид хүргэх тэжээлийн хангалт, нөөцүүдийн судалгаа тооцоо бэлэн болсон байна" гэлээ.