Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Нийслэлийн төсвийн орлого нь 106 тэрбум төгрөгийн зөрүүтэй орж ирснийг Х.Нямбаатар тайлбарлаж чадахгүй байна лээ

Ангилал
Улс төр Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
20 минут 19 секунд

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотгол болон бусад цаг үеийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа.

-Яг энэ үед нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хотын удирдлагууд болон та бүхний хооронд бага зэргийн үл ойлголцол үүслээ. Та бүхний шүүмжлэлтэй хандаж буй асуудлууд хэр үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ?

-Үл ойголцол нь ч хаашаа юм бэ. Энэ чинь байдаг л мэтгэлцээн. НИТХ гэдэг бол орон нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлж буй байгууллага. Энэ чинь өөрөө хууль дүрэмтэй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.1, 47.2-т тодорхой заасан байгаа. Тухайлбал,

Засаг дарга санаачилж, асуудал оруулж ирж болно. Гагцхүү 47.2-т заасанчлан “Ажлын хоёр хоногийн дотор материалаа тараасан байх” гэдэг заалтыг хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ дээрх хугацаанд материалаа тараагаагүй бол асуудлыг хэлэлцэхгүй гэсэн хуулийн механизм байгаа. Даваа гарагт болсон НИТХ-ын хуралдаанаар юу болсон бэ гэхээр 13:00 цагт товлосон хурал нь 14:00 цаг өнгөрөөж эхэлсэн. Харин 12:00 цагт төсвийн тодотголоо шинэчлээд оруулж ирсэн.

Өөрөөр хэлбэл, хурал эхлэхээс хоёрхон цагийн өмнө гэсэн үг. Ихэнх төлөөлөгч тэрийг нь харж ч амжаагүй. Энэ юуг хэлж байна вэ гэхээр Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын байгууллагыг Хотын дарга юу гэж хараад байгаа юм. Жишээлбэл,

Нэгэн компани байлаа гэхэд ТУЗ-ийнхөө хурал руу гүйцэтгэх удирдлага нь жилийн төсвөө батлуулахаар оруулахдаа хоёр цагийн өмнө тэс өөр материал оруулж ирчхээд, “Энийг батал” гээд дайрч болох уу. Зүгээр эрүүл ухаанаар бодоод үз л дээ. Тэгэхээр энийг л сануулсан юм. Төсвийн зарлага, орлого ихсэж байна. Энэ чинь иргэдээс татах мөнгөө л нэмж байна гэсэн үг шүү дээ. НИТХ-ын төлөөлөгч бол иргэдийн төлөөлөл учраас үүний үндэслэлийг сайн сонсох ёстой. Чухам юунд зарцуулах гээд байгаа үр дүнг нь харах хэрэгтэй. Ингэхийн тулд ядаж ажлын хоёр хоногийн хугацаанд судалгаа хийх боломжийг олгооч ээ. Хуулиар ч олгогдсон эрх. НИТХ хуулийн дагуу хуралдаж чадахгүй бол онигоо цаашаа болно.

-Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан “ХҮН нам юу ч байсан эсэргүүцнэ" гэсэн муйхар хандлагаар улстөрждөг боллоо гэх тайлбарыг өгсөн байна лээ?

-Би бас Хотын даргад үг дайя л даа. Өөрөө хуулийн хүрээнд ажилла, хуулиа дээдэл, хуулиа мөрд. Хуулийн дагуу орж ирсэн асуудлыг бид ч гэсэн нүдээ улайтал л уншина. Яагаад гэвэл биднийг сонгосон иргэд хараад сууж байгаа шүү дээ. Тэднийг мэдээллээр хангах үүрэг нь бидэнд бий. Төсвийн зарцуулалтад хяналт тавих үүрэг нь ч байгаа. Гэтэл ийм юм руу дайраад буйг би гайхаад байгаа юм.

45.6 тэрбум төгрөг тоглоом биш

-Явган хүний замыг шинэчлэхэд 45.6 тэрбум төгрөг зарцуулна. Өөрөөр хэлбэл, боржин чулуугаар солихоор яригдаж буй. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-2024 он гармагц “Бүтээн байгуулалт, тохижилтын жил” гээд зарлачихсан. Болно оо, бололгүй яах вэ. Мань эрийн бодлоор бол бүтээн байгуулалт нь явган хүний зам юм байна л даа. Гэхдээ байгаа замаа бүгдийг нь онгичиж хаях юм байна. Зун бүр газар ухдаг шиг. Шалтгааныг нь асуухаар зам халтиргаатай байна гэнэ лээ. Халтиргаатай байгааг ойлгож байна. Гэхдээ байгаа замаа халтиргаагүй болгох технологи хамаагүй хямд байж байна шүү дээ. Тэрүүгээр хийчих л дээ.

Тэр яриад байгаа 45.6 тэрбум төгрөг тоглоом биш. Гаднаа бүрэн тохижилттой байшин 10 тэрбум босдог гээд бодохоор их хэмжээний мөнгө. 100 орчим өрхийг орон сууцанд оруулахад 10 орчим тэрбум төгрөг. Нийтдээ 400-аад айлын орон сууцны мөнгө. Нэг ч гэсэн сургуулиа барьчих л даа. Энийг л хэлээд байгаа юм.

Тэгээд энэ хотыг эзэнгүй юм шиг аашилж болохгүй. Хотын эзэд нь иргэд. Иргэдийн дуу хоолойг авч ирсэн нь НИТХ. Агент буюу эрхийг нь авч хэрэгжүүлж буй нь Засаг, захиргааны нэгж. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын удирдаж байгаа төрийн алба хаагчид гэсэн үг. Эздийн хувиар бид шаардлага тавих эрхтэй.

-Төсвийн тодотголын хүрээнд яригдаад буй нэг асуудал бол яах аргагүй метро. Энэ ондоо багтааж, барилгын ажлыг эхлүүлнэ гээд байгаа шүү дээ?

-Нийслэлийн төсвийг өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлэлцэхэд нөхөр метроны зураг төсөл гээд нэг зураг гаргаж ирсэн дээ. Үүнийг нь мэргэжлийн хүмүүс харчхаад, “Үгүй ээ, ийм богино хугацаанд метрог хийдэггүй юм аа. Дор хаяж 4-6 жил болно” гээд байгаа юм.

Мэргэжлийн хүмүүстэй нь уулзахаар метро барих хөрсний судалгаа гэхэд л дор хаяж хоёр хийгдэнэ. Эхний батлагдсан төсвөөр ТЭЗҮ нь 180 тэрбум төгрөг. Харин энэ удаагийн тодотголоор энэ дүнгээ нэмж оруулж ирсэн. Өнөөдрийг хүртэл тендер нь зарлагдсан юм уу, ямар ААН шалгарсан нь тодорхойгүй, нэг ч мэдээлэл байхгүй.

Үүнийг л хэлээд байгаа болохоос, нийтийн тээврийг солонгоруулах саналыг ХҮН нам анхнаасаа л дэмжиж ирсэн. Гэтэл ХҮН намын гурван төлөөлөгчийг хар, цагаан болгож тавьчихаад, “Эд нар эсэргүүцлээ” гээд байгаа. Энэ ажил чинь явахгүй ээ л гэж хэлье.

УИХ-аас зохион байгуулах сонсголоор их зүйл гарч ирэх байх

-Нэгэнт нийтийн тээвэр ярьсных асууя гэж бодлоо. Нийтийн тээвэр тулгамдсан асуудал хэвээр байна. Төсвийн тодотголд парк шинэчлэлийн хүрээнд ямар асуудлууд орж ирсэн байна. Мөн “ногоон автобус”-ны асуудалд та бүхэн ямар хяналт тавьж байгаа вэ?

-Бид “Батганыг нь ч барь, барыг нь ч барих ёстой” гэдэг нэг л зарчмыг баримталдаг. Өнөөдөр дандаа батганыг нь бариад, баруудыг нь үлдээчихсэн. “Өмнөх Засаг дарга нарын үед бүгд оролцсон байна. Бүгдийг нь шалгана” гэдэг. Юм асуухаар “Эрүүгийн хянан шалгах ажиллагаа явагдаж байхад чи битгий оролц, ХҮН нам битгий оролц, АН битгий оролц” гэж ярьдаг. Магадгүй, УИХ-аас зохион байгуулах сонсголоор их зүйл гарч ирэх байх. НИТХ-ын нэг асуудлыг шүүмжилж байна. Огт сонсгол хийж ирээгүй. Жишээлбэл,

“Хүүхдийн паркын газрын асуудлаар сонсгол хий” гэхэд хийгээгүй. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр НИТХ нийслэлтэй холбоотой асуудлаараа сонсгол хийж, мэдээллээ иргэдэд хүргэдэг байх хэрэгтэй. НИТХ-ыг чадамжгүй байна аа гэж үзэж байна.

Харин УИХ өнгөрсөн хугацаанд "Хөгжлийн банк"-ны, "нүүрс"-ний гээд хэчнээн ч сонсгол хийчих вэ дээ. Одоо үргэлжлүүлээд, “цавчаа ногоон”-ы болон газрын асуудлаар хийнэ гэж байна. Уг нь энэ асуудлаар УИХ гэхээс илүүтэйгээр НИТХ өөрөө сонсгол байгуулах ёстой. Энэ чадамжаа алдсан гэдгээ л харуулаад байна.

Ер нь бол нийтийн тээврийг Хотын дарга өөрөө сайхан самарлаа шүү дээ. Хөхөө өвлийн хүйтнээр маршрутыг нь ямар хүн зохиосон юм гэмээр л байна. Өөрөө тэр үед хаашаа алга болсон юм. Тийм биз. Яагаад энийгээ болгоомжтой, бага багаар хийж болоогүй юм. Энэ хүнээс асуух зүйл зөндөө байдаг. Иргэддээ тайлбарлахгүй яваад байна гэдэг нь иргэдээс сонгогдоогүй хүний үндсэн шинж чанар л даа. Захиргаадаж байна гэдэг нь мөн л энэ шинж чанар.

Энд шулуухан хэлэхэд, иргэдээс сонгогдсон гэмээр цорын ганц Засаг дарга бол Э.Бат-Үүл. Тэр хүний хийж бүтээсэн зүйлийг харлуулах гэж их үзсэн. Бас ч гэж үлдсэн зүйл байгаа шүү дээ.

Х.Нямбаатарыг элдвээр хэлж дайраагүй. Бодлогыг нь л ярьсан

-Тухайлбал?

-Тухайлбал, “Гудамж төсөл”, Богд уулын зам байна. Үүнээс хойш 74 км тойрог зам тавина гэж дөрвөн жил ярьсан. Хаана байна. LRT гэж хоёр жил бужигнуулсан. Бас хаана байна. Би энийг өмнөх Засаг даргын үед НИТХ-ын хуралдаан дээр хэлсэн. “Дахиад л нэг “3D” аннимейшн гаргаад ирлээ. Чи ичээч” гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь “ХҮН нам улстөржлөө” гэж байна лээ.

Бид сөрөг хүчин гэдэг утгаар хэрэгтэй зүйлийг нь л хэлж өгч байгаа шүү дээ. Түүнээс биш, хувь хүн рүү нь дайраагүй. Х.Нямбаатарыг элдвээр хэлж дайраагүй. Бодлогыг нь л ярьсан. Д.Сумъяабазар руу бас дайраагүй. Сайхан аварга хүн л байна лээ. Харин бодлого руу нь л дайрсан. Энийг улстөржлөө гэж байвал хэрээс хэтэрсэн зүйл болж байна.

Жишээлбэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригийн ярьж байгаа царай нь. “Зургадугаар сарын сонгуулиа бодож байна” гэж юу яриад байгаа юм бэ. Тэр хүнд ер нь ямар хамаатай юм. Бодлогоо л ярих ёстой. Төсвийн орлого нь 106 тэрбумын зөрүүтэй орж ирсэн. Тэрийгээ тайлбарлаж чадахгүй байна лээ. Ингэж хууль зөрчиж болохгүй ээ гэдгийг л Нийслэл дэх ХҮН намын бүлгийн гишүүд хэлээд байгаа юм.

-Төсвийн тодотголоос гадна нийслэлийн тулгамдсан асуудал бол яах аргагүй замын түгжрэл. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд автомашинд олгох улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоолоо. Энэ асуудалд бас шүүмжлэлтэй хандаад байсан шүү дээ?

-Шүүмжлэлтэй байтугай хандсан. Бидний ганц зэвсэг бол саналаа өгөхгүй, хурлыг нь орхиж гарах буюу ирцийг нь бүрдүүлэхгүй байх. Энийгээ ашиглаж, ХҮН нам, АН-ын бүлэг хурлыг хаяж гарсан. Энэ бол төлөөлөгч хүнд олгосон нэг эрх. Мөн идэвхтэй тэмцэл байхгүй юу.

Бид “Да хүрээ” зах дээр очиж, бодит байдалтай танилцаж, лайвдсан. Хүмүүс ямар дургүй байв аа. Энэ бол түгжрэлтэй ямар ч холбоогүй гэдэг нь тодорхой. “9911”-тэй дугаарыг үнэд оруулж, хэдхэн алба хаагч ашиг хийдэг шиг л юм болно. Шинэ дугаар задарна гээд эрх мэдэлтнүүд дарж байгаа сураг байна.

Улсын дугаарын дээд хязгаарыг тогтоох асуудлыг хэлэлцэхэд ХҮН нам, АН-ын төлөөлөгчид хуралд суугаагүй. Сүүлийн дөрвөн жилд гараагүй явдал. Хоёр нам бүлэг хамтарч, улстөрийн “акц” хийсэн. Иргэд ч маш их эсэргүүцсэн.

Түгжрэлтэй ямар ч хамаагүй нэг л тоо хэлье. 80 мянган машин 120 км зам дээр гарахад л түгжирч эхэлдэг юм. Харин 250 мянган машин гарвал “ТЭГ ЗОГСОЛТ” болно. Гэтэл 730 мянгаар хязгаарлаж буй нь ямар логик вэ. Ингэж хязгаарласнаар орон нутгийн дугаарын хотынх болгож солих ажил их хийгдэж байна. Энэ хязгаарлалт хэрэгтэй байсан уу гэвэл үгүй.

"Сингапур шиг үнэтэй болгоно" гэж Хотын дарга өөрөө хэлнэ лээ. Эхлээд хотоо Сингапур шигээ хөгжүүлж, нийтийн тээврээ солонгоруулж, олон сонголттой болгочхоод энэ ажлаа хий л дээ. Тэгэхээр энэ бол ямар нэг бүтэлтэй алхам биш. Тэрийг нь хэлээд байхад л дайраад байгаа юм.

Эрх мэдэлтнүүд улсын дугаар зарах замаар орлого нь нэмэгдэнэ

-Нийслэлийн удирдлагуудын зүгээс “Огт дугаар олгохгүй асуудал биш. Ашиглалтаас гарсан автомашины дугаарыг нэр шилжүүлэх байдлаар олгоно” гэх тайлбарыг хийсэн шүү дээ?

-Ашиглагдахаа больсон машины дугаарыг шилжүүлнэ гэдэг чинь зарна л гэсэн үг. Та нэг залуу гэр бүл байлаа гэж бодоход, 6-8 сард салхинд гарах гэж хөл дүүжлэх унаа авна биз. Мөн хот дотор хүүхдээ зөөх гэж. Тэгэхээр одоо машин авчхаад, дугаараа авах гэхээр “Номероо олж ир” гээд явуулна. Номер нь олдохгүй. Ингэхээр та номер худалдаж авна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны халаас руу шууд орж байгаа хэрэг. Залуу гэр бүл, орлого багатай, хөл дүүжлэх унаатай болох гэсэн хүмүүсийг шууд нэрвэж байгаа оролдлого. Чинээлэг хэсгүүд улам баяжина. Эрх мэдэлтнүүд улсын дугаар зарах замаар орлого нь нэмэгдэнэ.

-Өөр нэг асуудал бол орон нутгийн иргэд хотод ирээд, 48 цагаас хэтэрвэл өдөрт 5000 төгрөгийн төлбөр төлдөг болохоор яригдаж байна лээ?

-ХҮН нам, АН-ын оролцоогүйгээр дээрх журмыг баталсан. Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Битгий коммунист арга барилаар ажиллаад байгаарай. Хөдөөний хүн гээд ингэж болохгүй” гэх байдлаар тайлбар өгсөн байна лээ. Хүний өмчлөх эрх дээр олон асуудлыг дагуулж байгаа даа.

-Таны хувьд цаашид Нийслэлийн удирдлагууд ямар менежментээр явах нь зүйтэй гэж бодож байна?

-Ер нь иргэд Хотын даргаа өөрсдөө сонгодох байх нь зүйтэй. Хот, тосгоны тухай хуулиар энэ нь боломжтой. Гэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэр, Засаг захиргааны нэгжийн тухай хуулиар боломжгүй. Мөн Үндсэн хуулиар боломжгүй. Ямар үед боломжтой вэ гэхээр сонгуулиар хэрэгжүүлж болно. Нийслэлд олонх суудлыг авсан нам, эвсэл “Бид энэ хүнийг Хотын даргаар сонгоно” гэх саналыг дэвшүүлэх хэрэгтэй. НИТХ саналыг нь батлаад, Ерөнхий сайдад өргөн барихад, Ерөнхий сайд иргэдийн саналыг хүндэтгэж үзээд, шууд батлах боломжтой юм.

Энэ арга барилыг Э.Бат-Үүлийн үед хэрэгжүүлсэн. Э.Бат-Үүл “Би УИХ-ын гишүүнээс татгалзаж, Нийслэл, орон нутгаа удирдана. Хэрвээ АН ялвал миний бие Засаг даргыг хийнэ ээ” гээд, амжилттай сонгууль хийсэн байдаг.

Үүнийг 2020 онд ХҮН нам давтсан. ХҮН нам хэрвээ олонх болбол Нийслэлийн намын хорооны дарга нь Засаг даргыг хийнэ. Тийм учраас биднийг олонх болгож өгөөч ээ. Тэгвэл бид иргэдийн нүдээр харсан бодлогыг хэрэгжүүлье гэсэн.

Та бүхэн өөр нэг зүйлийг анзаарсан бол Засаг дарга нар өмнөх удирдлагынхаа хийсэн бүх ажлыг үгүйсгэдэг. Хоёрдугаарт, Төрийн алба хаагчдыг бүгдийг нь хольж, сольдог. Одоо харвал нийслэлийн ихэнх албан тушаалтнууд Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх статустай. Туйлын аюултай үзэгдэл. Мерит тогтолцоо буюу чадварт суурилсан төрийн захиргааны тогтолцоо бүрэн хямарч, дампуурсныг харуулж байгаа юм.

Богд уулан дахь 30 гаруй ам чинь бүгд отог гэх зөвшөөрөлтэй

-Нийслэлд болсон үер ус, гал болон сүүлд гарсан газын дэлбэрэлтэд газар олголт нөлөөлсөн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлээд, Түр хороо байгуулж, хаврын чуулган эхэлмэгц “сонсгол” зохион байгуулахаа мэдэгдсэн. Энэ дээр та ямар байр суурьтай байна?

-Уг нь энэ сонсголыг НИТХ үе үеийн Засаг дарга нар, эрх мэдэлтнүүдийг дуудаад өөр дээрээ хийх ёстой. Яагаад гэвэл нийслэлд илүү их мэдээлэл бий. Энэ бантанг нийслэл өөрөө зуурсан. Богд уулын талд БОАЖЯ нь бантан хутгасан. Туул голын наад талд нь нийслэл бантанг нь хутгасан. Хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Богд уулан дахь 30 гаруй ам чинь бүгд отог гэх зөвшөөрөлтэй. Нөхцөл байдал ийм үед НИТХ өөрөө нийтэд зориулсан сонсголоо хийгээд, үр дүнг нь АТГ, УИХ руу хүргүүлдэг байсан бол их сайн. Гэтэл УИХ одоо нийслэлийн асуудал руу хүртэл орж ирдэг боллоо шүү дээ.

Сүүлд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөл бол “цахилгаан хурд”-аар л батлагдсан. Хүний эрх, өмчлөх эрхийг зөрчсөн маш их заалт байгаа. ХҮН намын бүлэг хамгийн түрүүнд эсэргүүцсэн. Энэ хууль дээр ажилласан УИХ-ын гишүүн байгаагүй гэж би харж байгаа.

Нийслэлийн бодлого УИХ руу очдог болж байгаа нь нутгийн өөрийн удирдлага суларч, иргэдээс холдож буйг илтгэж байгаа юм. Өнөөгийн нөхцөлд УИХ сайн байна. Одоо сонсголоо сайн зохион байгуулах хэрэгтэй. Уг нь нийслэл өөрөө сонсголоо хийгээд, сайд ч байсан дуудаад оролцуулах хэрэгтэй. Харамсалтай нь, НИТХ дахь МАН-ын 34 хүн хийхгүй л дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт шөнөдөө -32, өдөртөө -19 хэм хүйтэн. Багавтар үүлтэй
Улаанбаатарт шөнөдөө -32, өдөртөө -19 хэм хүйтэн. Багавтар үүлтэй
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.