Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа гадаадын иргэнд газрыг 100 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлэх утгатай заалтыг хүчингүй болгох саналыг УИХ-аас Засгийн газарт хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэл, орон нутгийн хэмжээнд газар олголт болон ашиглалттай холбоотой хууль бус асуудлууд, авлига, хээл хахуулийн сүлжээг цогцоор нь хянан шалгах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа. Тус ажлын хэсэгт холбогдох байнгын хорооны дарга нар буюу УИХ-ын гишүүн Э.Батшугар, Д.Цогтбаатар, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг нар томилогдлоо.
Хяналт шалгалтын ажлыг иргэдийн мэдээлэлд үндэслэхээс гадна “Биг дата” буюу их өгөгдлийн санг ашиглах бөгөөд ажлын хэсгийн гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Манай байнгын хорооны хувьд эхлээд их өгөгдлийн санд тулгуурлан хууль зөрчиж олгосон газруудын бүртгэлийг тодорхой болгохдоо эхний ээлжинд хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөж байна. Учир нь олон жилийн маш олон бүртгэлийг шалгах ажил байгаа. Энэ жагсаалтыг гаргасны дараа нэгбүрчлэн хянан шалгах ажлууд явагдана” гэсэн юм.