Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2009-2010 өвөл тохиолдсон зудад 97.5 малчин өрх нэрвэгдэж, 570 тэрбум төгрөгийн хохирол учирч байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 25 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутагт цасан шуурга шуурсантай холбогдуулан 2009-2010 өвөл тохиолдсон зудын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

2009 оны зуншлагын байдал нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 40 орчим хувьд гандуу, 20 орчим хувьд гантай байлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гантай буюу гандуу байгаа нийт 5 аймгийн 34 сумын нутагт гангийн байдлыг тогтоосон байдаг.

Гангийн зэрэглэлийн хувьд Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 80.0 хувь гантай, 20.0 хувь гандуу, Дундговь аймгийн нийт бэлчээрийн 50.0 хувь гантай, 40 хувь гандуу, 10 хувь зуншлага сайн, Өвөрхангай аймгийн нийт бэлчээрийн 60 хувь гантай, 35.0 хувь гандуу, 5.0 хувь зуншлага сайн, Баянхонгор аймгийн нийт бэлчээрийн 71.4 хувь гантай, 28.6 хувь гандуу, Говь-Алтай аймгийн нийт бэлчээрийн 76.3 хувь гантай, 23.4 хувь нь гандуу байсан талаарх баримт байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт сум, дүүрэг, баг, хорооны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац, багтаамжид үнэлгээ хийсэн дүнгээс үзэхэд 2009-2010 оны өвөл, хаврын нийт бэлчээрийн 35.0 хувь нь нөөцтэй, 10.0 хувь нь бололцоотой, 30.0 хувь нь бэлчээрийн багтаамж 1-5 дахин хэтэрсэн, 25.0 хувь нь бэлчээрийн багтаамж 5-аас дээш дахин хэтэрсэн байжээ.

Сургууль, цэцэрлэг завсардах явдлууд удаан хугацаагаар үргэлжилжээ

2009 оны 10 дугаар сарын дунд үеэс цас орж эхлэн 11 дүгээр сарын эхээр зарим өдөр дулаарснаар мөсөн ул тогтож, 12 дугаар сарын олон удаагийн цаснаас бэлчээргүйдэж өвөлжөө бууц хөлдөж, байнгын тэжээлд эрт орсноос нийт аймаг, сумд өвс тэжээлийн хомсдолд орсноос гадна зам даваа хаагдаж орон нутгийн иргэд, малчид хүнсний хомсдолд орох, эрүүл мэндийн үйлчилгээнээс хязгаарлагдах, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг завсардах явдлууд удаан хугацаагаар үргэлжилсэн байна.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 27-32 хэм хүйтэн байлаа. 3 дугаар сар гараад хүйтний эрч бага зэрэг суларсан ч шороон болон цасан шуурга нийт нутгаар шуурч салхины хурд 16-40 м/с хүрч байгалийн гамшигт үзэгдэл болсоор байжээ.

Ихэнх нутгаар 2009 оны 10, 11, 12, 1, 2, 3 дугаар саруудад дунджаар 3-5 удаа их бага хэмжээний цас орж, хүйтэрч шуурсны улмаас нийт нутгаар дунджаар 15-24 см цасан бүрхүүл тогтож, гуу жалга нам дор газраа цасны зузаан 50-60 см хүрч, хүйтний эрч шөнөдөө -30-40 хэм, өдөртөө -25-30 хэм, хүрч хүйтэрснээс мал өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэн байна.

Харин Засгийн газрын 2 дахь удаагийн комисс 3 дугаар сард мал хаваржилт хүндэрсэн 9 аймагт ажиллан 3 аймгийн 15 сум гамшгийн байдалд, 5 аймгийн 27 сум хүндрэлтэй , 4 аймгийн 17 сум хүндэрч болзошгүй, 8 аймгийн 47 сум хаваржилт хэвийн гэсэн зэрэглэл тогтоож үнэлгээ хийлээ. Нийтдээ 15 аймгийн 80 сум гамшгийн, 17 аймгийн 95 сум зудтай буюу хүндрэлтэй болжээ.

10.3 сая толгой мал хорогдож, 8711 өрх айл малгүй болж, амьжиргааны эх үүсвэрээсээ салжээ

2009-2010 оны өвөл тохиолдсон зудад манай орны нутаг дэвсгэрийн 80.9 хувь буюу 18 аймгийн 175 суманд 97.5 малчин өрх нэрвэгдэж, нийт малын 23.4 хувь буюу 10.3 сая толгой мал хорогджээ. Энэ нь зах зээлийн дундаж үнээр 570.0 тэрбум төгрөгийн хохирол болсон аж.

Зудын гамшгийн улмаас 8711 өрх айл малгүй болж амьжиргааныхаа эх үүсвэрээс салж, 32756 мянган малчин өрх айл малынхаа 50-иас дээш хувийг алдаж, 1400 малчин өрх айл төв суурин газрыг бараадаж нүүсэн байна. Зуд, байгалийн гамшгийн улмаас улсын хэмжээнд 47.8 мянган хуц, 47.8 мянган ухна, 1266.3 мянган эм ямаа, 1093.1 мянган эм хонь хорогдсон нь оны эхний хуц, ухны 36.5-39.3 хувь, эм хонь, ямааны 11.2-12.6 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Нийт хорогдсон эм хонь, ямааны 88.3-90.8%, хуцны 69.6%, ухны 62.1%-ийг нь гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн 12 аймаг эзэлжээ.

Зудын уршгаар хээлтэгч хээлтүүлэгчийн тохироо ихээхэн алдагдаж, улсын хэмжээнд дунджаар нэг хуц, ухнад 91-103 оногдох болсон байна. Тохироо хамгийн их алдагдсан Баянхонгор, Завхан, Орхон, Хөвсгөл,Төв, Өмнөговь, Увс, Булган, Завхан Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймагт 1 хуцанд 100-138 эм хонь, 1 ухнанд 107-201 эм ямаа ноогдох болсон нь тохироо 50-60 хувиар алдагдсан байна.

НӨАТ-ын азтанууд ирэх лхагва гарагт тодорно
НӨАТ-ын азтанууд ирэх лхагва гарагт тодорно
 
ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллаж байгаа болон АМАРЧ буй зах, худалдааны төвүүдийн мэдээлэл
ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллаж байгаа болон АМАРЧ буй зах, худалдааны төвүүдийн мэдээлэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.