XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Тодруулбал, Монгол Улсын Консерваторийн захирал асан, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбатад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээсэн байна.
Ч.Чинбат нь БНМАУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн нэрт удирдаач Жамьянгийн Чулууны хүү юм.
Тэрбээр 1958 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид элсэн орсон. Харин зургадугаар ангид байхад нь хөгжмийн 10, бүжгийн 10 хүүхдийг сонгож ЗХУ-д сургуульд явуулах болоход тэрээр ангиасаа сонгогдсон байна. Ийнхүү 1964 онд тэрээр ЗХУ-ын Ленинградын Хөгжмийн бага сургуулийг зорьжээ.
Гэвч цаг агаар нь таараагүйн улмаас жил болоод буцсан байна. Харин 1968 Ч.Чинбат Армени улсын нийслэл Ереван хотыг зорьж, 9 жил сураад 1977 онд эх орондоо сургуулиа төгсөөд ирсэн байдаг. Түүнийг ирэхэд Хөгжим бүжгийн дунд сургуульд дагалдан багшаар авах тушаал нь хэдийнэ гарчихсан байжээ.
Хичээл заахаас гадна сургуулийнхаа хийлийн чуулгыг удирдаж, төрийн бүх арга хэмжээнд оролцож, Европын орнуудаар монгол соёлоо сурталчлах ажлыг хийж байсан аж.
Сануулахад, тэрбээр 1981 онд дэлхийн соёлын өдрүүдэд оролцож, Москвагийн их театрт тоглосон үеэ хамгийн бахархмаар үе байсан хэмээн дурсан ярьж байжээ. Учир нь аавтайгаа, ахтайгаа нэг тайзан дээр тоглосон аж.
Тодруулбал, аавынхаа мөнхийн бүтээл болох “Ардын хоёр дууны найруулга” гэсэн бүтээлийг эгшиглүүлсэн юм байна.