Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбоотойгоор 2024 оны 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд, салбар хуралдаанууд ДБЭТ, Соёлыг төв өргөө зэрэг газруудад хуралдаж эхлээд байна. Харин Эдийн засгийн чуулганы залуучуудад чиглэсэн нээлттэй үйл ажиллагаа болох "Mongolian Economic Forum-Youth Perspective" арга хэмжээ Чингис хаан музейд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээ нь дан ганц нийслэл төдийгүй 21 аймгийн хүүхэд, залуучуудын төлөөллийг урин оролцуулж бүс, орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн чиг хандлага, алсын хараа, хөгжих боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой ажээ. Тус арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нээж үг хэлэхдээ "Улс орны хөгжлийг хөдөлгөх гол хүч нь тухайн улсын залуус, залуу ажиллах хүч, оюутан суралцагчид байдаг. Учир нь залуу үе дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, инноваци, технологийн хөгжил, даяаршил, дижиталчлалын ололт амжилтыг тухайн улс, бүс орон нутагт хамгийн хурдтай нэвтрүүлэх, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс хөгжлийн бодлогод залуусын санаа бодлыг тусгах нь хамгийн чухал.
Миний хувьд Бүсчилсэн хөгжлөөр 1.хүний хөгжлийг дэмжих, 2. боловсролын хүртээмжтэй байдлыг хангах, 3. Мэдлэг инноваци, технологид суурилсан, эдийн засгийг дэмжиж төрөлжүүлэх зэрэг шийдлээ хүлээж буй чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж хардаг...та бүхний гаргасан санаачлага эх орны ирээдүйн хөгжлийг тодорхойлсон үр дүнтэй, бүтээлч үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье." гэжээ.
Тус арга хэмжээ Чингис хаан музейд 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал зохион байгуулагдана.