Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МСНЭ-ээс Хэвлэл мэдээллийн салбарт “ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЖИЛ” болгон зарлахаар тогтов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 48 секунд

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 25 өдөр боллоо. Тус хуралдаанаар 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, 2024 оны үйл ажиллагааны Ерөнхий төлөвлөгөө, санхүүгийн орлого, зарлага болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалах, сэтгүүл зүйн сургалт, судалгаанд гишүүдээ хамруулах, гишүүдийн бүх төрлийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалж хуулийн болон бусад тусалцаа, дэмжлэгийг үзүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө ажиллах үндсэн зарчимд тулгуурлан 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж, баталлаа.

Хэвлэл мэдээллийн салбарт “ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЖИЛ” болгон зарлахаар тогтлоо. Ёс зүйг эрхэмлэх жилийн хүрээнд Олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг таниулах, Уриалга, зөвлөмж гаргах, цуврал уулзалт, сургалт зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн хэм хэмжээний судалгааг боловсролын салбарт ажиллаж буй сэтгүүл зүйн багш нартай хамтран хийнэ. Судалгаанд суурилж хэлэлцүүлгийг зохион байгуулах зэргээр олон ажлыг төлөвлөв.

МСНЭ-ийн гишүүдэд эрх зүйн тусалцаа үзүүлэх чиглэлд дараах ажлыг хийхээр тогтов. Үүнд хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, эрх зүйн баримт бичгүүдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд Хуульчдын холбоо, зарим их дээд сургуультай хамтран сургалт явуулна.Эхний сургалт ирэх 7 хоногт төлөвлөгдөөд байна. Өмгөөллийн “Эл Пи Си” фирмтэй хамтран ажиллах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд гишүүд хууль эрх зүйн зөвлөгөө, анхан шатны тусламж хэрэгтэй болоход МСНЭ-ээр дамжуулан үйлчилгээ авах боломжтой юм.

Гишүүдийг чадавхжуулах хүрээнд 2024 онд Ёс зүйн хүрээний сургалтаас гадна төрөлжсөн 6 хүртэл сургалтыг мэргэжлийн байгууллагууд, багш нартай хамтран хэрэгжүүлнэ. Их дээд сургуулиудтай хамтран давтан сургалт зохион байгуулна. Сэтгүүл зүйн бүх төрлийн мэргэжлээр давтан сургалтыг хийхээр тогтов.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын гишүүдийг чадавхжуулах, оролцоог нэмэгдүүлэх үүднээс бүсийн уулзалт, орон нутгийн форум зэргийг зохион байгуулна. Мөн зарим бүсийн урлаг, спортын наадмыг хийхээр төлөвлөөд байна.

Гадаад харилцааны хүрээнд Олон Улсын Сэтгүүлчдийн холбоотой харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлэх, бусад улсын сэтгүүлчдийн байгууллагатай харилцах харилцаанд дэвшил гаргана. Мөн зарим улс оронд хамтарсан сурвалжилга зохион байгуулна. Уг ажилд хамруулахдаа гишүүдийн татвар төлөлт, МСНЭ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй редакц зэрэг олон шалгуурыг харгалзан хамруулах шийдвэрийг гаргав.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, найзалж нөхөрлөх боломжийг олгох үүднээс 2024 оны 3 сарын дундуур Спорт өдөрлөгийг Төв аймагт зохион байгуулна.

МСНЭ нь гишүүдээ чадавхжуулах, мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх хүрээнд 2024 оны ажлаа төлөвлөж, Удирдах зөвлөлийн шийдвэрээ ийнхүү гаргалаа.2024 оны үйл ажиллагаанд гишүүдийг хамруулахдаа татвар төлөлтийн гол шалгуур болгон ажиллахаар тогтов.

Өнгөрсөн шөнө гал түймрийн 5 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн шөнө гал түймрийн 5 дуудлага бүртгэгджээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.