Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Наранцогт: Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд байгуулахаар төлөвлөсөн зургаан АҮП бүс нутгийн хөгжилд том нөлөө үзүүлнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 57 секунд

"Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогттой бүсчилсэн аж үйлдвэрийн хөгжил болоод сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа 1072 хувьцааны ногдол ашгийн асуудлаар ярилцлаа

-Ирэх онуудад манай улс хөгжлөө бүсчилсэн байдлаар төлөвлөх нөхцөл бий болоод байна. Тэгвэл аж үйлдвэржилтийн сэргэлтийг бүсчилсэн хэлбэрээр хэрхэн хөгжүүлэх вэ. Тэр дундаа аж үйлдвэрийн паркуудын төслүүд дээр ямар төлөвлөлт хийсэн байгаа вэ?

-“Эрдэнэс Монгол” нэгдлийн харъяанд Монгол Улсын томоохон нөөц баялгийг эзэмшдэг томоохон уул уурхайн компаниуд харъяалагдан ажилладаг. Энэ утгаараа Монгол Улсдаа ашигт малтмалын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг манлайлж авч явах үүрэг хариуцлага бидэнд бий.

Зургаан аж үйлдвэрийн цогцолбор байгуулна гэсэн стратеги төлөвлөгөө батлагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, зургаан байршилд эрдэс баялгийн томоохон нөөц бий. Тухайлбал, зэсийн баялаг гэхэд "Эрдэнэт" үйлдвэрт түшиглэсэн байдаг. Тэгэхээр тус үйлдвэрт түшиглэсэн үйлдвэр технологийн паркыг байгуулна. Энд Эрдэнэтийн зэсийн нөөцөд тулгуурласан зэс хайлуулах болон катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр баригдана гэсэн үг. Бид үндсэндээ шороо л зөөж экспортолж байна. 20 гаруй хувийн агууламжтай шороо гаргаж байгаа л гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ цэвэр зэс болгоод дараагаар паркын талбайд эцсийн бүтээгдэхүүн болох катод зэсийг ашиглаад маш олон бүтээгдэхүүнийг хийх боломжтой. Хувийн болоод гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулаад үйлдвэр барих боломж нээгдэнэ гэсэн үг. Эдгээр нөхцлүүд бий болсноор үйлдвэрлэлүүд хөгжинө. Хөтөл "Цемент Шохой" дээр шохойн том нөөц бий. Шохой бол өөрөө барилгын материалын үндсэн түүхий эд болж өгдөг. Түүндээ тулгуурлаж АҮТП барьснаар гипс, будаг, замаск зэрэг барилгын материалын эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хувийн хэвшлийн үйлдвэрийг бий болгох боломж нээгдэнэ. Бид үндсэн түүхий эдийг үйлдвэрлэж өгнө гэсэн үг.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэсэн хар төмөрлөгийн цогцолборыг барих ёстой. Ингэснээр металл хийц үндсэн үйлдвэрлэлийн түүхий эдийг боловсруулж, хувийн хэвшилд олгоно гэсэн үг. Манайд Хятадаас үйлдвэрийнхээ түүхий эдийг импортлоод, "Тоёота" компанид машины боолт хийж экспортолж байгаа компани байна. Энэ мэт компаниудад түүхий эдийг нь үйлдвэрлэж өгснөөр барилгын үндсэн хийц үйлдвэрлэхээс авхуулаад машин техник тоног төхөөрөмжийн боолт цаашилбал эд анги үйлдвэрлэх компаниуд бий болох бололцоо бүрдэж байгаа.

Багануур дээр хүрэн нүүрс боловсруулах үйлдвэрээс гадна бас нэлээн хэдэн түүхий эдийг хийж чадвал эрчим хүч, агаарын бохирдлыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй аж үйлдвэрийн парк баригдах бололцоотой. Мэдээж манайх жоншны баялагтай. Жонш бол стратегийн томоохон түүхий эд. Ялгаагүй түүхий шороогоор нь гаргаж байгаа. Үүнийг бид боловсруулаад маш өндөр ашгийн margin үүсгэх боломжтой. Тиймээс жоншны ислийг үйлдвэрлэж үндсэн түүхий эдийг бий болгох үйлдвэрийг ҮТП хэлбэрээр Бор-Өндөрт байгуулах юм. Цаашилбал, Тавантолгой коксжих нүүрсний том нөөц байна. Коксын болон кокс химийн цогцолбор барих ҮТП-ын төсөл бий. Ийм л загвараар нөөц баялагтаа тулгуурлаж хүнд аж үйлдвэрийн паркуудыг байгуулах ажил явагдаж байна.

-Бүс нутгийнх нь онцлогт тохируулж энэ концепцыг гаргаж ирсэн болов уу гэж харж байна. Ер нь эдгээр зургаан үйлдвэр технологийн паркууд бүс нутгийн хувьд ямар хөгжил, үр нөлөөг дагуулна гэж харж байгаа вэ?

-Мэдээж эдгээр аж үйлдвэрийн паркуудыг дагаад ажлын байр бий болно. Дэд бүтэц, ачаа тээврийн логистикийн төвүүд бий болно. Шууд болон шууд бусаар бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлнэ. Учир нь байрлалын хувьд бид нөөц баялагтаа л уялдуулж тухайн газар аж үйлдвэрийн паркаа барина гэсэн үг шүү дээ. Том үйлдвэрлэлүүд бий болсноор бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ бий болохоос гадна тухайн паркуудын туслан гүйцэтгэх компаниуд дээр ажил үйлчилгээ нийлүүлдэг компаниуд ч бий болно. Энэ нь аль болох тухайн орон нутгаасаа хийгдвэл зардал мөнгөний хувьд ч, үр ашгийн хувьд ч илүү. Иймэрхүү бүс нутгийн эдийн засаг, бизнес хөгжилд эдгээр аж үйлдвэрийн парк маш том нөлөө үзүүлнэ.

-Өнгөрсөн хугацаанд аж үйлдвэрийн парк байгуулна гэж ярьдаг ч тодорхой ажил хэрэг бологүй, "замхарсан" асуудал ч бий. Энэ удаагийн төслүүд дээр ямар баталгаа байна вэ. Амжилттай хэрэгжүүлэхийн тулд юун дээр анхаарах вэ?

-Аж үйлдвэрийн парк гэдэг зүйл муу нэртэй ч болсон байж магадгүй. Олон жил яригдсан. Гэхдээ бодитой ажил бага хийгдсэн. Тэгэхээр манайд том төсөл хэрэгжүүлдэг туршлага бага байна. Бүгдийг өөрсдөө хийх гэж оролдсон. Хөрөнгө мөнгөний асуудалд ч орсон зүйл бий. Хууль эрх зүйн хувьд ч хязгаарлаж буй хүчин зүйлүүд бий. Тиймээс том төслүүдийг аль болох хөрөнгө оруулагчийн өөрийнх нь хөрөнгө, менежментээр явуулах нь зөв. Бидний хувьд төлөвлөлтөө л зөв гаргах ёстой. Мөн төрийн өмчит компаниуд юу хийх, юу хийхгүй вэ гэдэг нь тодорхой байх ёстой.

Жишээлбэл, төрийн өмчийн компани хувийн хэвшлийн хийх ажлыг нь хийнэ гээд явбал хэзээ ч бүтэхгүй ажил болно.

Тиймээс нэгдүгээрт, нөөц баялаг дээрээ тулгуурлах ёстой. Хоёрдугаарт, нөөц баялгаа боловсруулаад аж үйлдвэрийн үндсэн түүхий эдийг нь үйлдвэрлэе. Үүнээс цааш төрийн өмчийн компаниуд оролцох шаардлагагүй юм. Хувийн хэвшил өөрөө хөрөнгөө гаргаад манайхаас үндсэн түүхий эдээ аваад үйлдвэрлэлээ явуулах бололцоог нь бий болгох хэрэгтэй. Харин хувийн хэвшилд газрыг нь, дэд бүтцийг нь бий болгоод өгье гэдэг концепцыг л ярьж байгаа юм. Том төслүүдийн хувьд хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нар нь өөрсдийн менежментээрээ л явна. Түүнд бид оролцохгүй. Ингэснээр манай үйлдвэрүүдээс гаргах түүхий эдийг ашиглан нэмүү өртөг шингээж үйлдвэрлэл хийх хүсэлтэй компаниудад ч боломж бий болно. Бололцоо байна л гэж бид харж байгаа. Үүнээс өөр сайн хувилбар харагдахгүй байгаа юм.

-Мэдээж нэг өдрийн дотор хийчих зүйл биш. Гэхдээ ИТГЭЛ байна-

-Хувийн хэвшлүүд хэр сонирхож байна?

-Сонирхож байгаа. Жишээлбэл, хувийн хэвшил үйлдвэрлэл явуулья гэхэд бүх юм нуруун дээр нь хүрээд ирдэг. Ялангуяа уул уурхайн салбар дагасан үйлдвэрлэл дээр түүхий эдээ хаанаас авах юм, хэнээс авах юм, тогтмол нийлүүлж чадах юм уу, дэд бүтэц, газрын асуудал, хоорондоо тээвэр логижитикзийн асуудал, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ зэрэг зүйлс нь хажууд нь байхгүй л бол хээр газар очоод цахилгааны эх үүсвэрээ өөрсдөө шийдээд үйлдвэр бариад үр ашигтай ажиллана гэдэг бол маш хүнд. Энэ асуудлыг өмнө үйлдвэр барьж, хөрөнгө оруулж, зовлонг нь туулсан хувийн секторууд маш их хөндөж ярьдаг. Тэгэхээр ийм асуудлуудыг л аль болох шийдвэрлэж байгаа загвар л гэж харж байгаа. Ер нь аж үйлдвэр хөгжсөн улс орнууд яг ийм загвараар л үйлдвэрээ босгож, кластер үүсгэж өргөжсөн байдаг.

-Эдийн засгийн хөшүүргүүд бас хэрэгтэй байх?

-Бидэнд паркын эрх зүйн байдал байгаа шүү дээ. Паркын хууль бий. Үйлдвэр барихаар бол татвар, бусад талын тодорхой хөнгөлөлтүүд байгаа. Түүнийг эдлэх боломжтой. Эдгээр нь ч дэмжлэг болоод явна.

-Ер нь эдгээр төлөвлөлтүүдээс харахад бүсчилсэн аж үйлдвэржилтийн хөгжлийн ирээдүйг хэрхэн харж тодорхойлж байна вэ?

-Энэ бол нэг өдрийн дотор хийчих зүйл биш. Цаг хугацаа орно. Бид ямартай ч үндсэн концепц, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, шаардлагатай дэд бүтэц, хөрөнгө зэргийг хийгээд ирэхээр үүнд тулгуурласан үйлдвэрлэлүүд хөгжих боломжийн дэмжлэг бий болно. Итгэл ч байна. Өмнөхөөс хамаагүй боломжтой болж байгаа гэсэн үг. Үүнийг дагаад бэлтгэн нийлүүлэх, туслан гүйцэтгэх жижиг дунд бизнесүүд хөгжих боломжтой.

Монгол Улсын хувьд уул уурхайгаар гол орлогоо олдог. Хөдөө аж ахуйн салбар бий. Эдгээр нь манай улсын хувьд өөрт байгаа үндсэн баялаг шүү дээ. Үүнийгээ боловсруулж, үйлдвэрлэл явуулж, эцсийн бүтээгдэхүүн хийснээр гадагш урсах валютын урсгалаа хязгаарлана. Өөрөөр хэлбэл, импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө үйлдвэрлэнэ гэсэн үг.

Мөн хямд үнэтэй, шороогоор нь зардаг ганцхан зах зээлээс хамаарсан бүтээгдэхүүнийг боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн, үнэтэй, олон зах зээл рүү тээвэрлэх боломжтой болно. Тэр хэрээрээ үнэ цэнтэй болно. Энэ мэтчилэн тал талын сайн үе дагаврыг дагуулна.

-2022 оны ашгаас иргэн нэг бүрд 120 мянга орчим, 2023 оны ашгаас 233 мянга орчим төгрөг буюу нийт 350 гаруй мянган төгрөг ногдох боломж бий. Гэхдээ олгохоор эцэслэн шийдвэрлэсэн зүйл байхгүй-

-Цаг үеийн асуудлаар яриагаа үргэлжлүүлье. Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашиг олон нийтийн анхаарлыг татаж буй асуудлын нэгд байна. Ер нь нэг хувьцаа эзэмшигчид ойролцоогоор ногдох ногдол ашгийн тал дээр урьдчилсан тооцоолол гарсан зүйл бий юу?

-Ногдол ашиг тараах асуудал компанийн тухай хуулиар л явна. Компанийн эрх бүхий этгээд шийдвэр гаргадаг хуультай. Компани ашигтай ажилласан бол ногдол ашиг тараах эсэхээ компанийн тухай хуулиар л шийднэ гэсэн үг шүү дээ. Сая УИХ-аас 1072 хувьцаагүй иргэдэд хувьцаа олгох тухай тогтоол гаргасан. Анх 2010 онд тодорхой хүмүүст олгосон. Тэрнээс хойш төрсөн хүмүүст хувьцаа олгоогүй байсан. Үүнийг адил түвшинд аваачихын тулд хувьцаа олгох шийдвэр гарсан. Ногдол ашиг олгох асуудал нь компанийн эрх бүхий этгээдийн гаргах шийдвэр. УИХ-ын тогтоолоор гарахгүй гэдэг зүйлийг ойлгох нь зөв.

Ногдол ашгийн хувьд урьдчилсан тооцоолол хийсэн. 2023 оны хувьд санхүүгийн жил дуусаад 50 хоногийн дотор аудитын тайлан гарна. Аудитаар цэвэр ашиг тодорхой болно. Мөн л тухайн үед нь компанийн эрх бүхий этгээд шийдвэр гаргана.

2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан нь аудитын дүгнэлтээр баталгаажсан. Үүнийг хувьцаа эзэмшигчдэдээ хувааж үзэхэд, 1072 хувьцаа эзэмшиж буй нэг иргэнд 120 мянга орчим төгрөгийн ногдол ашиг хуваарилах бололцоо байгаа юм байна. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр компани 3 их наяд орчим төгрөгийн ашигтай ажилласан байх болов уу. Үүнийгээ хувьцаа эзэмшигчдэдээ авч үзэхэд, нэг иргэнд очих хувьцааны ногдол ашиг гэж 233 мянга орчим төгрөг болохоор байна. Хоёр жилийн ногдол ашгийг нэмэх юм бол 350 гаруй мянган төгрөг олгох боломж байна гэдэг урьдчилсан тооцоолол гарсан. Түүнээс биш олгох, хуваарилах, ногдол ашгийн шийдвэр гараагүй байна шүү дээ. Зохих хууль эрх зүйн хүрээнд л шийдвэрээ гаргана. УИХ дээрээс энэ шийдвэр гарахгүй.

-Ногдол ашиг хуваарилахад санхүүгийн чадамж нь ямархуу байгаа вэ. Та 4 их наядын өр төлбөр үүссэн байгаа талаар мэдээлж байсан?

-ЭТТ ХК төр засгийн шийдвэрээр үйл ажиллагаанд нь огт хамаагүй том, том төслүүд хэрэгжүүлсэн, төлбөрийн чадвар муудсан төрийн өмчит компаниудыг санхүүжүүлсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж нэг талдаа бөөн авлагатай болсон байсан. Үүнийгээ санхүүжүүлэхийн тулд зээл авсан, урьдчилж нүүрс борлуулсан, нөгөө талдаа дөрвөн их наядын хуримтлагдсан өр төлбөртэй болсон. Санхүүгийн хувьд таатаай биш байгаа.

Нөгөө талдаа ногдол ашиг тараавал төр ч, иргэн ч хувьцаа эзэмшигч. Энэ хоёрыг ялгаж, нэгэнд нь өгөөд нэгэнд нь өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Адилхан л хуваарилна. ЭТТ ХК-ийн 27 хувийг иргэд, үлдсэн хувийг төр эзэмшдэг. Тэгэхээр ногдол ашиг хуваарилбал 3 их наядаас 2.2 их наядыг нь төрийн хувьцааны ногдол ашигт төвлөрүүлэх байдал үүсч буй юм. Бэлэн мөнгөөр үүнийг төвлөрүүлбэл компани санхүүгийн чадавхгүй болно. Төлбөрийн чадваргүй болно. Тиймээс өмнөх төслүүдийн авлагад өр суутган тооцох эрхийг УИХ-аас гаргаж өгсөн. Нэг ёсондоо ЭТТ ХК ногдол ашиг тараах мөнгөө бэлэн мөнгөөр биш өмнө гаргасан мөнгөнийхөө суутган тооцлоор хаавал энэ компани иргэдийн ногдол ашгийг бэлэн мөнгөөр хуваарилаад санхүүгийн хувьд хүндрэлгүй үлдэх боломж байна гэж харж байгаа юм. Энэ асуудал дээр буруу зөрүү мэдээллүүд гарч байгаа учраас би удаа дараа тайлбарлаж байгаа.

Ярилцсанд баярлалаа

ШУУД ҮЗЭХ:

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон ч “Топ хурд Дүнжингарав“ наадмыг 3 сарын 16-нд товлож, 3 насны хурдан морь уралдуулах гэж байна
Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон ч “Топ хурд Дүнжингарав“ наадмыг 3 сарын 16-нд товлож, 3 насны хурдан морь уралдуулах гэж байна
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.