Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцууллаа.
Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байна. Зам тээврийн ослын улмаас гал гарсантай холбоотой ОБЕГ-ын нэр бүхий гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүчтэй дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон. Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т 24-ний өдрийн 01:10 минутад анхны дуудлага ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Түлэгдэж бэртсэн 19-60 насны 14 хүн одоо хэвтэн эмчлүүлж байна. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй таван хүний биеийн байдал нэн хүнд, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж "Дашваанжил" компанийг хариуцагчаар татаагүй. Гэхдээ үзлэг шалгалт хийсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Хэргийн газрын үзлэг дуусаад өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийж байна" гэлээ.