Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугч өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа.
Нийт 63 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, 63 өрх энд хохирсон гэж бүртгэлтэй байгаа учраас 207 дугаар байрыг нураахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг баримт болон гарын үсгийг цуглуулж, баталгаажуулж өгөх хэрэгтэй юм байна.
Өөрөөр хэлбэл, барилгыг буцаагаад өмнө нь байсан зургаар нь, бидний амьдарч байсан метр квадратаар шинээр барьж өгөөч гэсэн хүсэлтээ гарын үсгээр баталгаажуулах шаардлагатай болжээ. Бичиг баримт бүрдмэгц 207 дугаар байрыг нураах тендерийг зарлаж, ажлын 21 хоногт сонгон шалгаруулалт хийж, ажлыг гүйцэтгүүлэх юм байна. Тендерийн төсөвт өртөг 2.4 тэрбум төгрөг.
Хэрвээ нэг л айл нураахаас татгалзах юм бол тухайн хүний өмч хөрөнгийг нураах боломжгүй аж.
Хэрэв орон сууц нь ипотекийн зээл, банкны барьцаанд байгаа тохиолдолд банктайгаа хамтарч тодорхойлолт гаргаж өгнө. Нийслэлийн зүгээс банканд энэ барилгыг 2025 он гэхэд шинээр босгож айлуудад хүлээлгэж өгөх албан бичгийг өгөх юм байна.
Тухайн 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөний улмаас хананы бетонд нүүрс хүчлийн хий үүсэж, барилгын үндсэн хийцлэл алдагдаж, ан цав гарч, арматур зэвэрчээ. Бага баллын газар хөдлөлтөд ч тэсвэргүй болсон гэсэн дүгнэлтийг эрдэмтэн, судлаачид гаргасан байна.