АН-ын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар инфлүүнсэрүүд нэр дэвшигчид санал өгөхийг уриалахыг хориглосон СЕХ-ны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр, АН-ын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан нарийн бичгийн дарга Н.Гансүх, "Ирэх сонгуулиар хууль эрх зүйн тодорхой зохицуулалтгүйгээр иргэд олон нийт сайн дураараа хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжсэн агуулгатай пост оруулсныхаа төлөө зөрчлийн хуулиар торгуулах нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс хариуцсан байгууллагууд нь тодорхой журмын зохицуулалтыг хийх шаардлагатай байна. 2024 оны сонгууль хууль ёсны дагуу шударга явагдах ёстой. Гэтэл тодорхой зохицуулалтгүйн улмаас цахим орчин ашиглан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жирийн иргэн 10 сая, хуулийн этгээд 100 сая төгрөгийн торгууль хүлээх ойлгомжгүй байдал үүсээд байна" гэлээ.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
СЕХ-ноос гаргасан шийдвэр
СЕХ-ноос олон дагагчтай инфлүэнсер хувь хүний сошиал хаяг дээр орж байгаа пост, контент дээр хяналт тавигдахгүй. Гэхдээ бусдыг уриалахыг хориглохоор болсон. Учир нь "Энэ хүнд саналаа өгөөрэй" гэдгийг нэр дэвшигч өөрөө, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан гэсэн таван төрлийн хүн л уриалах эрхтэй байдаг. Эдгээрээс бусад нь хориотой байдаг гэжээ. Хэрэв уриалах бол тухайн хүний цахим хуудсыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо(ХХЗХ)-нд заавал бүртгүүлэхээр журам баталсан. Бүртгүүлээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явахгүй гэдгийг СЕХ-ноос тодотгоод байгаа юм.
Хэвлэлийн хурлын үеэр дурьдагдсан хуулийн заалтууд
Сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлд:
- 37.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.
- 37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно гэж заасан.
Мөн хуулийн 39 дүгээр зүйлд:
- 39.2. Сонгуулийн сурталчилгаа хий арга хэлбэрийг заасан ба цахим орчин ашиглах хийж болно гэж заасан. Ингэхдээ цахим орчинд оруулах контент ямар агуулгатай байх шаардлага тусгагдаагүй.
Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд:
- 17. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (буюу 10 сая төгрөг)--өөр, хуулийн этгээдийг 100,000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (100 сая төгрөг)--өөр торгоно гэж заасан байдаг. Хэдийгээр зөвхөн ухуулагч нэр дэвшигчийг сурталчилна гэж байгаа боловч иргэд өөрсдийн байр сууриа, өөрийн цахим хуудас нь дээр илэрхийлснийхээ төлөө 10 сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсээд байна гэдгийг АН-ынхан хэлж байна.