Энэ сарын 8-н буюу ирэх даваа гарагаас торгууль, татвараа төлөөгүй, үзлэг оношилогоондоо ороогүй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор, Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн гадна урт дараалал үүсч, ачаалал нэмэгджээ. АТҮТ-өөс өгсөн мэдээллээр өчигдөр буюу 2024 оны эхний ажлын өдөр улсын хэмжээнд 1300 гаруй тээврийн хэрэгсэл үзлэг, оношилгоондоо орсон байна.
Бид Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн нөхцөл байдлыг сурвалжилахаар Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийг зорилоо. Тус төвийг тойрсон урт дараалал автозамын нэгдүгээр эгнээг дамнан үргэлжилж байв.
Орох дөхсөн жолооч нараас хэр удаан зогссныг нь асуухад ойролцоогоор 2-3 цаг дугаарласан гэх тайлбарыг өглөө.
ЖОЛООЧ М: ДӨРВӨН ЦАГ ОРЧИМ ДУГААРЛАЖ, ҮЗЛЭГ ОНОШИЛГООНДОО ОРЛОО
-Өглөө ирсэн. Дөрвөн цаг орчим дугаарлаад одоо л орж ирж байна. Би угаасаа нэгдүгээр сард үзлэг, оношилгоондоо орох ёстой байдаг. Орох ёстой хугацаандаа л орж байна. Цахим гэрчилгээгээ бас наалгалаа.
ЖОЛООЧ А: ЗӨВХӨН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВАХ ГЭЖ ИРСЭН БОЛОХОООР ХҮН БАГА БАЙНА
-Би наймдугаар сарын 18-нд оношилгоондоо орох ёстой. Өнөөдөр зөвхөн цахим гэрчилгээгээ наалгахаар ирсэн. Яаралтай наалгахгүй бол 60.000 төгрөгөөр авах юм байна гээд фэйсбүүкээр яваад байсан болохоор яараад хүрээд ирлээ. Үнэгүй наагаад өгч байна. Оношилгоонд орохгүй зөвхөн цахим гэрчилгээгээ авах учраас хүн багатай байна. Үзлэгт орох гэж байгаа машинууд бол замруугаа гарчихсан маш урт дараалал үүссэн байна.
ЖОЛООЧ Я: НЭГДҮГЭЭР САРЫН 8-НААС ӨМНӨ ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНДОО ОРООГҮЙ АВТОМАШИНУУДЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ ГЭСЭН БОЛОХООР АЧААЛАЛ ҮҮССЭН БАЙНА
-Би оны өмнө оношилгоондоо орох ёстой байсан ч баяр гээд орж амжаагүй. Нэгдүгээр сарын 8-наас үзлэг, оношилгоондоо ороогүй автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн болохоор ачаалал үүссэн байх шиг байна. Зарим хүмүүс үнэгүй байгаа дээр нь амжаад цахим гэрчилгээгээ авах гээд оношилгоонд орж байгаа гээд ярьж байна лээ. Би 3 цаг орчим зогслоо одоо л хашаа руу нь орж ирж байна. Маш их ачаалалтай байх шиг байна.
Дараалалд зогсож буй жолооч нарын төлөөлөл ийнхүү байр сууриа илэрхийллээ.
С.СЭР-ОД: ТАШАА МЭДЭЭЛЭЛД ИТГЭЖ, ЗОХИОМОЛ ДАРААЛАЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ ЖОЛООЧ НАРТАА АНХААРУУЛЖ ХЭЛМЭЭР БАЙНА
Дараа нь бид Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер С.Сэр-Одтой уулзаж, нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр, "Энэ сарын 8-аас оношилогоондоо ороогүй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн ачаалал нэмэгдэж, урт дараалал үүсч байна. Мөн цахим гэрчилгээг үнэгүй тараах хугацаа дуусч байгаа 60.000 төгрөгөөр авдаг болно гэсэн ташаа мэдээлэл тарсан байна лээ. Энэ бас урт дараалал үүсгэх нэг шалтгаан болж байна.
Бидэнд ирсэн мэдээллээр цахим гэрчилгээг 2024 оны нэгдүгээр улирал дуустал үнэгүй олгохоор байгаа. Тиймээс ташаа мэдээлэлд итгэж, зохиомол дараалал үүсгэхгүйгээр нэгдүгээр улиралдаа багтаж, боломжтой үедээ цахим гэрчилгээгээ аваарай гэж жолооч нартаа хэлмээр байна. Он гарснаас хойш зөвхөн манай төв дээр 386 тээврийн хэрэгсэл үзлэг, оношилгоонд хамрагдсан" гэлээ.
АТҮТ-өөс өгсөн мэдээллээр энэ сарын 3-нд буюу өчигдөр улсын хэмжээнд 1300 тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд орсон байна.
Жолооч нар үзлэг оношилгоонд орохоор дугаарлаж, ачаалал үүсгэж байгаа гол шалтгаан нь нэгдүгээр сарын 8-наас торгууль, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэх Хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл. Тэрбээр, "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс дагаж, мөрдөж эхэлнэ. Энэ хуулиар торгуулиа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Хязгаарлана" хэмээн мэдэгдсэн юм.
Бид эл мэдэгдэл албажсан эсэхийг холбогдох албаны эх сурвалжууд болох НЗДТГ, ХЗДХЯ, ТЦА-наас тодруулахаар хандсан боловч тодорхой хариулт өгсөнгүй. Товчхондоо, төрийн байгууллагууд бие бие рүүгээ "бухсан" байдалтай байна. Тухайлбал, тус шийдвэрийн хэрэгжилтэд нэгдүгээр сарын 8-наас хяналт тавьж ажиллах үүрэг бүхий ТЦА-наас тодруулахад, "Одоогоор албажиж ирсэн зүйл байхгүй" гэх хариултыг өглөө. Харин ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, "Иргэд торгуулиа төлөөд эхэлсэн байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Хууль маань 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Ямартай ч торгуулиа төлөхгүй байгаа нөхцөлд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх эрх зүйн орчин нь бүрдчихсэн. Гэхдээ үүнийг Улсын Ерөний Прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтран баталсан журмаар нарийвчилж зохицуулна. Одоогоор журам батлах процесс дээрээ явж байгаа" гэлээ.
Өөрөөр хэлбэл, холбогдох журмаар албажаагүй. Ирэх даваа гарагаас хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй Хотын даргын "давс мэт шорвог" мэдэгдэл техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд ачаалал үүсгэж, иргэдийг олон цагаар дараалалд зогсоход хүргэж байна.