Сонин хувь тохиол юм гэж үүнийг харж сууна. Үнэндээ удаа дараа УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн, дотоод эв нэгдлээ алдсан, ямар ч бодлогогүй, нэгдсэн зорилгогүй, цаашлаад тамга тэмдэг гэрчилгээгүй, дүрэмгүй намыг удирдана гэдэг хэр баргийн аавын хүүгийн сонголт биш. Цаашлаад хүсэх зүйл ч биш. Энд тэндгүй бичил Ардчилсан нам бий болчихсон, хөл толгой нь мэдэгдэхгүй нэг нэгнээ үгүйсгэсэн залуус хэлхэлдэж, хэн дуртай нь тамга, тэмдэгний хэрүүл хийж, шүүхэд ханддаг, итгэл үнэмшлээ гээчихсэн хэдэн эгэл дэмжигчтэй л нам болчихсон байв.
Харин байгаагаас Ардчилсан нам гэдэг нэр л бүтэн байсан байх шүү. Ердөө 2016 оны УИХ-аас хойш Ардчилсан нам Лу.Гантөмөрт ирэх зургаан жилийн хугацаанд ёстой ёроолдоо хүртэл унасан даа. Түүнээс өөр газар, гарц, уналтын доод цэг байхгүйг бодитоор харуулсан гэхэд болно. Олон нийтийн зүгээс Ардчилсан нам эргэж нэгдэн нийлээсэй гэдэг хүсэл зориг битүүхэн байсан ч уналтын үе шатад хүлээлт нь бүдгэрсээр л байсан. Итгэл үнэмшил ч буурч байв. Хэдийгээр 2020 оны УИХ-ын сонгуульд 11 гишүүнтэй болсон ч сөрөг хүчний үүргийг хангалттай биелүүлж чадахгүй гаргасан шийдэл, шийдвэр нь хүртээмжгүй, сул, үнэ хүндгүй, бэлэгдлийн чанартай гээд сугалаад авах өнцөггүй болтлоо мохож бас мөхсөн байсан. Үүнийг үгүйсгэх хүн гаргахгүй биз.
Тэгвэл 2023 оны нэгдүгээр сарын 19-нд Ардчилсан нам Лу.Гантөмөр гэх нэгдсэн нэг толгойтой болж, бүрэн бүтэн болсон өдөр гэхэд хилсдэхгүй. Энэ өдөр ардчиллыг нэгтгэх их үйл хэргийг түүнд Үндэсний бодлогын хорооны 300 гишүүний 50-иас илүү хувь нь буюу 152 гишүүн дэмжиж, итгэл хүлээлгэсэн байдаг. Магадгүй энэхүү үйл хэрэг 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараа бичигдэх улс төрийн томоохон шийдэл, шийдвэр ч байх гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Хэдийгээр намаа бүтэн авч үлдэх улс төрийн зоригтой шийдвэр боловч хувьсгалын дайтай үнэлэгдэх улс төрийн сонголт байсан юм. Тиймдээ ч энэ өдөр Ардчилсан намынхан төдийгүй гишүүд дэмжигчид хүртэл хөл нь газар хүрэхгүй болтлоо баярласан билээ.
Үүнтэй зэрэгцэн нийгмээс ирэх шүүмжлэлүүд ч байв. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөрийг намаа нэгтгэж чадахгүй зугтаана. Эсвэл олон фракцийнхаа хүсэл сонирхолыг дийлэхгүй шантраад хаях байх. "Шуудайнд хийсэн үхрийн эвэр" шиг эв нэгдлийг багцалж, зангидаж чадахгүй хаяна. Тэр намын дарга байхад хэтэрхий зөөлдөнө. Ганцхан сарын настай намын даргаар Лу.Гантөмөр байх болно гэх зэргээр шүүмжилж байжээ. Гэтэл эргээд хартал харин тийм биш байсныг, тэр чадсаныг та бид харж байна. Харин ч тэдний энэхүү хүсэл зорилгын эсрэг ажиллаж, намын даргыг мөнгөтэй эсвэл булчинтай хүн удирддаггүйг батлан харуулж, хэрхэн менежменттэй, зөөлөн хүч, зөв тактиктай байх вэ гэдгийг тод томруунаар харуулав. Түүнд энэ дайны ур ухаан, улс төрийн туршлага, зангараг байгааг ч батлав. Түүний Ардчилсан намд хэрэгжүүлсэн шийдэл, шийдвэрт хийрхэл байсангүй. Хий хоосон пиар ч байсангүй.
Харин бодлогын буюу менежменттэй алхамыг шат дараатай хийж, бүтэн жилийн буюу ойн дээрээ Ардчилсан намыг өнгө өнгөөр нь шоо адил эвлүүлж, зангидаж чадлаа. Тэрбээр,
Эмэгтэйчүүдийн байгууллагаа нэгтгэж, манлайллыг үзүүлэх шийдвэрийг гаргалаа. Нийслэл, сум, орон нутгийн үүр байгууллагуудтайгаа уулзаж, бодлогоо танилцууллаа, зорилгоо ч нэгтгэлээ. АН-ын дотоод бүтэц өөрчлөлтийг хийж, 80, 90 оны залуусаар багаа бүрдүүлж, шинэ үеэ дэмжлээ. Нийслэлийн Ардчилсан намын удирдлагыг сонголоо. Ардчилсан залуучуудын холбоогоо ч эзэнтэй болголоо. Ардчилсан намын гал тогоо барих буюу бодлого зангидах генсекээ ч батламжлав. Намын дотоод бодлого буюу Дэд дарга нараар улс төрийн туршлагатай хүмүүсээ томилов. Дутах гачигдах зүйлгүйгээр Ардчилсан намын дотоод шинэчлэл, бодлого, эв нэгдлийг хангалаа.
Үнэндээ Лу.Гантөмөр АН-ыг асар богино хугацаанд эвлүүлж чадав. Намын дэргэдэх бүх байгууллагаа жигдлээд зогсохгүй ард түмний санал бодлыг сонсож, иргэдийн аж амьдрал ямар хэмжээнд хүрсэн бэ. Малчид, мал аж ахуй хэр байгаа гэдгийг судлахаар багаараа наран ургах зүгээс эхлэн Монгол Улсаа хэдэнтэй тойрчихлоо. Шартай ч юм шазруун ч юм, тэр.
Энэхүү уулзалтын үеэр “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, багийнхаа менежмент бодлогоо танилцуулж эхэллээ. Мөн УИХ дахь АН-ын бүлэг улс оронд өрнөж байгаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, санал нийлэхгүй асуудалдаа завсарлага авч байна. Сөрөг хүчний ажлаа одоо л хийж эхлэх нь ээ. Намын удирдлага, гишүүд долоо хоног бүр 4/11 мэдээллийн цагийг хийж, болохгүй бүтэхгүй асуудлаа шүүмжилж, ард иргэдийнхээ үзэл бодол, байр суурийг хамтад нь хүргэж байна. Нийгэмд ардчилал амьд, ардчилсан нийгэм арчигдаагүй байгааг сануулсан нэг жил өнгөрч байна. Ингээд бодохоор сэтгэл ч дүүрч байна.
Гэхдээ Лу.Гантөмөрийн зовлон бэрхшээл дуусаагүйг бас сануулах учиртай. Нуруугаа тэнийлгэх, ачаагаа буулгах ч болоогүй. 2024 оны УИХ болон Орон нутгийн сонгуульд зөв хүнээ дэмжиж оролцуулан, ялалт байгуулах олонхи болох зорилгоо биелүүлж байж Лу-гийн он тооллыг бахархан бататгах билээ. Луу жилд түүнд амаргүй ачааг үүрүүлэх нь ээ. 2024 онд Ардчилал нам олонхи болоосой хэмээн залбирч буй олон хүний хүлээлтэд тэр хариу өгөх учиртай. Ардчилсан намгүй зургаан жилд Монголд нэг намын дарангуйлал тогтож, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, тэр байтугай шүүмжлэх эрхгүй болтлоо монголчууд сульдлаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн чөлөөт зах зээлийн нийгэм бус захиргаадалт, хязгаарлалтын үе рүү аажим, аажмаар алхаж, маргаашдаа итгэх итгэлгүй болтол төрийн хүнд суртлыг харуулж байна.
Нийгэм ч тэр, эдийн засаг ч тэр элгээрээ мөлхөж, хий хоосон амлалтаас амлалтын хооронд шийдэлгүй шийдвэрийн дунд хольхож байгааг та бүхэн харж байгаа биз. Харин энэ бүхнийг АН олонхи болж л эцэслэх учраас, тэгээсэй гэж хүлээсээр буй ард түмний итгэлд хариу өгөх нь Луу жилд Лу-гийн хийх хамгийн том ажил байх нь ээ.