Өнөөдөр /2023.12.28/ нийслэлийн нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлтийг танилцууллаа. Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ,
"Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих төлөвлөлт боловсруулсан бөгөөд автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон" гэв.
Мөн "Дээрх зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бөгөөд их багтаамжийн автобус явах боломжгүй дунд багтаамжийн автобус явуулах аж. Ингэхдээ хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой" гэлээ.