УУХҮЯ, АМГТГ, Монгол улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд ОХУ-д шатахууны асуудлаар улирал бүр зохион байгуулдаг ээлжит уулзалтаа хийгээд ирсэн билээ. Уг айлчлалтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр АМГТГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж байна.
Энэ үеэр АМГТГ-ын дарга Л.Баярмандал:
"2024 оны 1,2,3 дугаар саруудад сар бүр 140 мянган тонн дизелийн түлш, 90 мянган тонн "АИ-92" түлш худалдаж авахаар боллоо. Монгол Улсын түлшний нийт хэрэглээний 70 гаруй хувийг ОХУ-ын "Роснефть" компани нийлүүлдэг. Мөн "Роснефть" компанийн зүгээс Монгол Улсад хүссэн хэмжээгээр нь бензин, түлш нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Монгол Улс шатахууны хомсдолд орохгүй.
ОХУ-ын эдийн засаг зүүн тийшээ их тэлж байгаа учраас нүүрсний экспорт их нэмэгдсэн байна. Гэхдээ Монгол улсад цаашид шатахууныг ямар ч саадгүйгээр тээвэрлэнэ. Уулзалтын үр дүнг дүгнээд хэлэхэд 3 шийдэлд хүрсэн байна.
- 2024 оны эхний улирлын захиалгаа өгч, баталгаажуулж авсан.
- ОХУ талаас бидний хүссэн хэмжээгээр нийлүүлэхээ мэдэгдсэн.
- Нийлүүлэгч үйлдвэрүүдийн хуваарь гарсан нөхцөлд ОХУ-ын дотоодын төмөр замын маршрутын төлөвлөгөөг гарган баталж өгөхөө мэдэгдсэн.
Сард 110 мянган тонн дизел түлш ббайгаа нь өмнөх онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэн дүн. Жишээ 2022 оны турш Монгол улс 1,7 сая тонн шатахуун, түлшийг импортлосон байдаг. Үүнээс харахад манай хэрэглээ бол ихэссэн байна. Манай улсын шатахууны нийт хэмжээний 95%-ийг ОХУ хангадаг. Дээр дурдсанчлан 70%-ийг Роснефьт нийлүүлдэг. Тэгэхээр Роснефьт бол манайд 2024 оны эхний улиралд сар тутам 70 мянган тонн дизелийн түлш 50 мянган тонн АИ92 нийлүүлнэ. Бусад хэрэгцээг уулзсан бусад компаниуд хангахаар болсон.
Өчигдрийн байдлаар ОХУ-аас шатахуун ачиж нааш замд гарсан 844 вагон байгаагаас 171 нь автобензин, 619 нь дизель, 54 нь онгоцны бензин ачсан байгаа. Мөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэвэл Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх замд 250 тэрбум шатахуунтай вагонуул явж байна.
Зохицуулагч байгууллагууудын зүгээс УБ хотод үүссэн очер дараалал, орон нутагт өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор шатахуун түгээх станцуудад нийлүүлэхээс бусад зориулалтаар шатахууныг агуулахаас бөөнөөр ачихыг түр хугацаанд хориглож байгаа. Өнөөдрөөс эхлэн дизелийн түлшийг 40 тонноос дээш багтаамжтай тээврийн хэрэгслээр орон нутаг руу тээвэрлэхийг зөвшөөрнө. Уг нь шатахуун орж ирдэгээрээ орж ирж л байна. Хомсдол үүсчих вий гэж сэргийлэн хүмүүс банкаа дүүргэж байгаагаас дараалал ихэсч байна " гэв.