Ашигт малтмал, газрын тосны газар, Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт АМГТГ-ын Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан дарга Б.Бямбасайхан, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар өнгөрсөн баасан гарагт /2023.12.15/ гарын үсэг зуржээ.
Энэ үеэр талууд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авах замаар орон нутгийн иргэдэд хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар орон нутгийн төлөөлөгчийн газрыг орон нутгийн иргэд, уурхайн харилцааг дэмжих зорилгоор зургаан аймагт бүсчилж төлөөлөгчийн газар байгуулсан аж. Ингэснээр төр, иргэн, аж ахуйн нэгж хоорондын мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, нэгдмэл ойлголтод хүрч, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах боломж бүрдсэн байна.