Нийслэлийн АН-аас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ. Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт “Х.Нямбаатар нь Хотын даргаар томилогдоод 66 хоносон. Энэ хугацаанд хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргаар томилогдсон зургаа дахь хоногтоо “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох зорилгот бүхий хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Ингэснээр хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгасан нь хүний эрх чөлөөнд ноцтой халдаж байна.Х.Нямбаатар хотын даргад томилогдсон 53 дахь хоногтоо хотын татварыг хоёр хувь болгон нэмсэн. ААН-үүдийн татварын дарамтыг нэмэгдүүлж, бизнесийн үйлчилгээг хаан боогдуулах, иргэдэд хүрэх үйлчилгээний өртөг нэмэгдэж, айл өрхүүдэд санхүүгийн дарамт болох шийдвэр гаргалаа. Нийслэлийн 2024 оны төсвийг ₮1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татварын орлогоор бүрдүүлэх шийдвэр гаргасан.
Тиймээс түүнийг огцруулах шаардлагаа хүргүүлж байна" гэлээ.