Монголын Үндэсний их сургуулийнхан хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулгаж барьжээ. Эмнэлгийн удирдлагууд эзэмшил газар руу зөвшөөрөлгүй орц, гарц хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Хотын дарга болон холбогдох албаныханд хандсан юм. Энэ дагуу холбогдох албаныхан өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг шалгахаар газар дээр нь ажиллаж, танилцлаа.
Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны төлөөллүүдтэй уг асуудлаар шуурхай хуралдсан юм. МҮИС зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн хашааг буулгаж, барилгын үйл ажиллагаа явуулснаас гадна эмнэлгийн эргэн тойронд зөвшөөрөлгүй барилга барьж буй зөрчил байгааг холбогдох албаныхан хэллээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “МҮИС өнгөрсөн амралтын өдөр хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ эмнэлгийн эзэмшил газрын хашааг буулгаж, тохижилт хийсэн зөрчил гарлаа. Газрын тухай хуулийн 41.1 дэх заалтаар гэрээний үүргээ зөрчсөн тул газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нөхцөл байдал үүсээд байна. Мөн хууль бусаар зөвшөөрөлгүй хийгдсэн тохижилтын ажлыг албадан буулгах, газрыг чөлөөлөх арга хэмжээг авна. Одоогоор Газрын албанаас тухайн аж ахуйн нэгжид хоёр удаа албан бичиг хүргүүлсэн” гэлээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга “МҮИС 2013 онд сургуулийн өргөтгөлийн барилгыг барихдаа эмнэлгийн газар руу хэтрүүлэн барилга барьсан зөрчил гарсан. Үүнээс гадна 2019 онд газар доорх гаражийн барилга архитектор төлөвлөлтийн зөвшөөрөл авсан байдаг. Авто зогсоолыг 18:42 хэмжээтэйгээр барих ёстой боловч зөвшөөрөлгүйгээр тэлж барьсан байгаа юм. Мөн иргэн н.Хонгорзулийн эзэмшил газартаа номын сан барих архитектор төлөвлөлтийн даалгавар авсан боловч тэлж суурин нүх ухсан байдалтай байна. Эдгээр барилгууд зөвхөн архитектор төлөвлөлтийн даалгавар авсан бөгөөд барилгын эх загвар зураг нь батлагдаагүй. Барилгын эх загвар зураг батлагдаагүй гэдэг нь барилга барих зөвшөөрөл аваагүй гэсэн үг. Иймд зөвшөөрөлгүйгээр барилга барьж байна гэж ойлгож болно” хэмээв.
НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “ЭХЭМҮТ-ийн газартай холбоотой маргааны дуудлага ирсний дагуу бид газар дээр нь ажилласан. Хариуцсан хяналтын байцаагч ажиллахад МҮИС өөрийн батлагдсан зураг төслөөсөө илүү гаргаж эмнэлгийн эзэмшил газар руу зөвшөөрөлгүйгээр халдсан нь тогтоогдсон. Бид тухайн аж ахуйн нэгжид манайхаас хугацаатай үүрэг өгсөн. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол хуульд заасан үндэслэлээр дараагийн шатны арга хэмжээг авна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нэгдүгээрт, ЭХЭМҮТ-ийн газрын асуудлыг шийдвэрлэж, аюулгүй орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажилла. Хоёрдугаарт, хууль зөрчөөд байгаа аж ахуйн нэгжийн асуудлыг шалгах, шийдвэрлэх ажлын хэсгийг НЗДТГ-ын даргаар ахлуулан байгуулна. Ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл орно. Мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөлгүй барилга барьсан, эзэмшил газарт халдсан асуудлыг судалж, газар дээр нь ажиллаж, холбогдох хууль журмынх нь дагуу шийдвэр гарга. Архитектор төлөвлөлтийн даалгавартай байж барилгын ажлыг эхлүүлдэг, техникийн нөхцөлөө хангаагүй байж барилга барьдаг бөх зүрхтэй байгууллагуудад хяналт тавьж ажилла. Хууль зөрчиж байгаа хүмүүстэй хуулийн хариуцлага тооцож ажилла” гэдгийг холбогдох албаныханд үүрэг болголоо.