Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголбанк, Дэ Нэйче Консерванси, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт бодитоор бий болж, түүний сөрөг нөлөө улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн дулаарал нь байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдох давтамж,
хамрах хүрээг нэмэгдүүлснээр хүн төрөлхтний ахуй амьдралд сөргөөр нөлөөлөх нэмэгдлээ.
Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр (2.25°С-ээр)-өөр нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэлтэй орнуудын нэг болоод байна. Иймд дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй үүрэг, амлалтад Монгол Улс хувь нэмэр оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Тэр дундаа, байгаль орчны доройтолтой тэмцэх чиглэлд төр, хувийн хэвшил нягт хамтран ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Парисын хэлэлцээрийн хүрээнд олон улс орон дэлхийн дулаарлын томоохон шалтгаан болж буй нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, ялгаруулсан болон шингээсэн хэмжээг тэнцвэртэй байлгах (“net-zero”) дэд зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү дэлхий нийтийн чиг хандлагын хүрээнд төр, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил бодлогоо нэгтгэн хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлсон “Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг”-ийг боловсруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж эхэлсэн.
Энэ хүрээнд Монголбанкны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтийг дэмжих, тогтолцоог бүрдүүлэх чиглэлд манлайлан, идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, “Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг”-т туссаны дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна:
- 2019 онд Ногоон таксономиг, энэ онд Тогтвортой хөгжлийн таксономиг хамтран баталж, санхүүгийн салбарт мөрдүүлэн ажиллаж байна.
- “Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг” баримт бичигт 2030 он гэхэд банкнуудын ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангах чиглэлд 1) ногоон зээл, санхүүжилтийг дэмжих зорилгоор татсан эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр своп хэлцэл хийх, 2) зарим төрлийн ногоон зээлийн эрсдэлийн жинг бууруулах зэрэг арга хэмжээг одоогоор авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд банкнууд ч идэвхтэй ажиллаж, ногоон бонд гаргах, гаднаас эх үүсвэр татах зэргээр эхнээсээ ногоон зээлийн багц нь нийт зээлийн 5 хувьд хүрч байгаа эерэг сайн дохио гарч эхэллээ.
- Ногоон/тогтвортой хөгжлийн таксономитой нийцүүлэн зээлийн мэдээллийг авах, салбарын түвшинд нэгтгэсэн статистик гаргаж, олон нийтэд мэдээлэхийн зэрэгцээ илүү боловсронгуй болгох чиглэлд бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ногоон зээлийн статистик нь аль банк энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг ялган тодорхойлох, бодлогын дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх суурь нөхцөл билээ.
- Улсын Их Хурал (УИХ)-аас баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд санхүүгийн зах зээлийн хөгжил, дэд бүтцийн хүрээнд ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэхээр тусгалаа. Энэ нь ногоон хөгжлийн зорилтуудыг хангах, “Тогтвортой санхүүжилтийн замын зураг”-т тусгагдсан банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх зорилтыг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Энэ хүрээнд Монголбанкан дээр хөгжүүлж эхлээд байгаа их өгөгдлийн суурь дэд бүтцийг ашиглаад ногоон, тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг шат дараатай хөгжүүлэх ажлыг банкнуудтай хамтран хэрэгжүүлж эхлэх юм.
- Уур амьсгалын өөрчлөлт, түүний санхүүгийн зах зээл, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, ногоон, тогтвортой санхүүжилт, түүний үр нөлөөний талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх чиглэлд олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
- Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой үүсэж буй болох эрсдэлүүдийн санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийн стресс тест, сценарио шинжилгээний аргачлалуудыг хөгжүүлж, тогтмол давтамжтай хийхээр төлөвлөн ажиллаж байна.
- Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөрүүдэд ногоон салбар/төслийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй байх зэрэг тусгай нөхцөлүүдийг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд “Тогтвортой хөгжлийн зорилтын таксономид органик хүнсний тариалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхой тусгаж, төрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй зээл, санхүүжилтийн хөтөлбөрүүдийн багцын тодорхой хэсгийг тухайн таксономитой уялдуулан ногоон, тогтвортой зээл гаргадаг болох чиглэлээр санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана.” гэсэн заалт оруулан ажиллаж байна. Түүнчлэн орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг орон нутагт түлхүү чиглүүлэх, ингэхдээ пассив барилга буюу ногоон, эрчим хүчний хэмнэлттэй байх зэрэг нөхцөлийг харгалзахаар бодлогын түвшинд анхаарч байна.
Монголбанкны хувьд цаашид ч ногоон, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлд хувийн хэвшил, төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байгааг дахин онцлон хэлье.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр олон сайхан санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.