Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: “Монголхъюндай автомотив“ ХХК-ийн эзэмшил газарт нүүрсчдийн мафи оффисоо барьж, Г.Түвдэндоржоор “хачирласан” АН-ын томчуудтай СОНСГОЛЫН СҮҮЛИЙН ӨДӨР

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 13 секунд

...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...

Монгол Улсын Үндсэн хууль

Гарын үсэг зурах төдийд бусдын "халаасанд" орох мөнгө болж хувирсан газар нутаг, баялгийнхаа талаарх хэцүүхэн мэдээллийг дөрвөн өдөр, 32 цагийн турш улс даяараа сонслоо. Жил гаруй хугацаанд бэлтгэл ажлаа хангасан Түр хороо, хянан шалгагч нар ч нүүрсчдийг сандаргах олон эгзэгтэй баримтуудыг дэлгэлээ. Ямартай ч эхний ээлжинд жижиг Тавантолгойг шалгалтад орууллаа. Сонсголд дурдагдсан тэдгээр баримтууд үнэн, худал эсэхийг шүүх байгууллага нь тогтоогоод өгнө биз. Харин одоо дөрвөн өдөр үргэлжилсэн эхний шатны нүүрсний сонсголын сүүлийн өдөр /2023.12.07/ ямар баримтууд дэлгэгдсэн талаарх мэдээлэлтэй танилцъя.

-Сошиалд "толхилцсон" хоёр 715 тэрбумын тендертэй холбоотой баримтаар УЧРАВ-

Хэд хоногийн өмнөөс сошиалд "толхилцсон" Түр хорооны дарга Б.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж нар нотлох баримтын хүрээнд учран золгов. Учир нь Бортээгийн ордын хөрс хуулалтын 715 тэрбумын тендерт оролцсон “Спейшл Майнинг Сервис“ ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдээр ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж танилцуулагдав. Тус компани нь Эрдэнэс Монгол ХК-ийн 2019-2023 оны тендерт оролцож, 706 ТЭРБУМ 839 САЯ төгрөгийн гурван ч гэрээг байгуулсан байдаг бөгөөд 2021 онд зохион байгуулагдсан Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон нь энэ аж. Гэрээний үнийн дүн нь 715 тэрбум 956 сая төгрөг. Харин тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Баттулгатай ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж Дипропертийз, Чингисхаан голд компаниудыг хамтран эзэмшдэг байна.

Харин тэдний "толхилцоон" нэг нь "Сүржин сонсгол" нөгөө нь "МАНай нүүрсчид" хэмээн үг хаялцсанаас үүдэлтэй. Гэхдээ сонсголоор гарсан мэдээлэлд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж "Хууль зүйн сайдаас ийм их хөрөнгөтэйгөө олж мэдлээ базар ваань. Энхбаяраа байгаа онохгүй байна. Тэр нүүрсний том хулгайчдаа дуудаарай. Ийм хариуцлагагүй хүн гүтгэж хэлмэгдүүлж болохгүй ээ. 37 он арай ирээгүй биз дээ. Гадаадад томилолттой явж байна. Очиж байгаад мэдээлэл өгнө" гэх хариултыг өгсөн юм.

-Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл авсан гэв-

Сүүлийн тэмээний ачаа хүнд гэж...

Сонсголын сүүлийн өдөр З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг авсан гэх мэдээлэл "жин дарав". Шинжээчийн танилцуулснаар, ЭТТ ХК 799 тэрбум 131 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зарласан байдаг. Тус тендер нийт гурван ч удаа зарлагдсаны эцэст Тавантолгой оператор түншлэл шалгарсан аж. Шинжээчийн дүгнэлтийн дараагаар тус түншлэлд оролцсон компаниудын эзэмшигчдийн хамаарлыг Түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулсан юм. Энэ үеэр ЕТГ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох, ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний гурван хүүхдийн хувь эзэмшдэг компани, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ш.Болдхуяг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн дүү Д.Амар нарын хувь эзэмшиж, үүсгэн байгуулж байсан компаниудын хамаарал тогтоогдсон талаар танилцуулсан юм.

-Б.Энхбаярын МЭДЭГДЭЛ-

Нанчилдаангүй бол найр гэж үгүй гэдэг шиг хэрүүл уруул, маргаан байхгүй бол сонсгол уйтгартай.

Сонсгол эхэлсэн өдрөөс дуусах хүртэл оролцож амжаагүй хэр гол дүр болсон хүн бол Б.Ганхуяг байлаа. Ар гэрийнхэн нь өнгөрсөн мягмар гарагт Төрийн ордонд Түр хорооны даргатай уулзаж, түүнийг хордуулсан гэх басхүү сонсголд биечлэн оролцох хүсэлтэй байгааг нь уламжилсан. Үүнээс үүдэн Түр хорооны гишүүд ч Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг тавьсаар байсан. Харин өчигдөр сонсголын үеэр Б.Энхбаяр сайдын зүгээс "Б.Ганхуягийн ар гэрийнхнийг Ш.Адьшаа гишүүн Төрийн ордонд оруулж, акц хийсэн. Сонсголын зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг их эрчимтэй зохион байгуулж байгаа. Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал, оролдлогод автахгүй бөгөөд зогсохгүй" хэмээн мэдэгдээд амжив.

-Онцгой дэглэм тогтоохоос НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ, улсын нууцад хамааруулж 69 ТЭРБУМ төгрөгийн гэрээг хийсэн байсан гэв-

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсох үеэр нэгэн анхаарал татах мэдээлэл ил болов. Тодруулбал, тус компанийн Элгэн ХХК-тай Тавантолгойн орд хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэх 69 ТЭРБУМ төгрөгийн гэрээг онцгой дэглэм тогтоохоос НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ, улсын нууцад хамааруулж хийсэн байсан талаар одоогийн удирдлагууд мэдээлсэн юм. Шинжээчийн зүгээс тус гэрээг шалгуулахаар ЭТТ ХК АТГ-д хандсан байгаа талаарх мэдээллийг нэмэлтээр өгсөн юм.

-Б.Энхбаяр: С.Ганбаатар гишүүн гар хөл нь болоод гүйж байна-

Б.Ганхуягийг шоронгоос авч ирж оролцуулна хэмээн Түр хорооны даргаас чөлөө хүсэж суусан С.Ганбаатар гишүүн өчигдрийн сонсголоор бараагаа харуулсангүй. Тэрбээр сонсголд оролцуулах, түүнтэй уулзах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сурагтай. Харин түүний энэ үйлдлийг Түр хорооны даргын зүгээс "Ш.Адьшаа гишүүний дүүтэй хамтарсан тээврийн компани 2 дахь сонсгол дээр бүтэн зургаараа гарна. Тиймээс Ш.Адьшаа гишүүн сонсголын үеэр сандраад байгаа. С.Ганбаатар гишүүн гар хөл нь болоод гүйж байна" гэсэн юм.

-Газар нутгаа гадаадынханд эзэмшүүлсэн гэх Засаг даргын хэрэг ӨНДРИЙГ АВАВ-

Сонсголын үр дүн эхнээсээ гараад эхлэв үү гэлтэй. Учир нь нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар мэдээллийг шинжээч танилцуулсан байдаг. Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар Түр хорооноос мэдэгдсэн. Харин өчигдөр ЕТГ-аас эл мэдээлэлтэй холбогдуулан мэдээлэл хийсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүргийг ЗГ-т өгсөн юм.

Төд удалгүй прокурорын байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өгсөн юм.

-“Нүүрсний сонсгол“-д давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар дуудсанаас 221 нь оролцжээ-

Дөрвөн өдөр үргэлжилсэн сонсголын эхний үе шатанд Хянан шалгах түр хорооны 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны 19 дүгээр тогтоолоор баталсан нотлох баримтыг шинжлэн судлах дарааллын дагуу дөрвөн сэдвийн хүрээнд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шаардлагатай нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүд, шинжээч, хянан шалгагчдаас тайлбар авсан юм.

Сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 нь оролцсон байна.

-

Мөн түүнчлэн шинжээч нар тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой зарим ноцтой дүгнэлтүүдийг хүргэсэн юм.

Шинжээч: Хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлэхээр "Саусгоби сэндс" ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүнг БАЛЛАСАН, дансны дугаар бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн

Б.Энхбаяр: Монголхъюндай автомотив ХХК-ийг хүмүүс тогтоогоод аваарай. Нүүрсчдийн мафийн оффисоо барьсан газар нь энэ компанийн эзэмшил байсан

-ШИНЖЭЭЧ: Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын тендертэй холбогдуулан Үнэлгээний хорооны н.Амгаланбаяр гэх хүнтэй уулзаж "Дарамт шахалт ирж байсан уу" гэж асуухад "Ирж байсан. н.Дэлгэрбаяр захирал уулзаад ДАРАА ХАЧИН ЮМ БОЛНО ШҮҮ гэж загнасан" тухайгаа надад хэлсэн-

-М.Оюунчимэг: Татварын өртэй байхад нь тендерт ялуулж байгаа нь улаан цайм хууль зөрчсөн үйлдэл болсон байна-

-Шинжээч: Шалгуур хангаагүй байхад тендер шалгаруулж, гэрээ байгуулсан байна-

Улаанбаатарт шөнөдөө -21, өдөртөө -19 хэм хүйтэн, цасан шуурга шуурна
Улаанбаатарт шөнөдөө -21, өдөртөө -19 хэм хүйтэн, цасан шуурга шуурна
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.