Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол эхлээд буй. Эхний сонсгол өчигдөр эхэлж, баасан гарагийг дуустал үргэлжилнэ.
Сонсголын эхний өдөр орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонссон.
Оролцогчдын онцлох эшлэлүүдээс хүргэвэл:
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа: “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хамтарч компани байгуулснаа би одоо л харж байна
-
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Та хамтарч компани байгуулснаа мэдэхгүй явж байсан юм уу
-
Б.Бадраа: Би үнэхээр өөрийнхөө бодлыг хэлж байна
-
"Ажнай" Д.Бат-Эрдэнэ: Намайг гурвантаа сонгосон Өмнөговьчуудын уурхай Монголын эдийн засгийг авч явж байгаа. Өмнөговьчууд бага ТӨСӨВ өглөө гэж хэзээ "гоншигонож" байгаагүй
-
С.Ганбаатар: Миний хань 20 жил хүүхдээ харж суусан хүн тийм компанитай байхгүй. Би 20 жил бүх юмаа шалгуулсан хүн
Ингэж үргэлжилж байсан "сонсгол"-д төвлөрсөн иргэдийн анхаарал өөр тийш эргэсэн. Тодруулбал, Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сарын хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Улмаар хэвлэл мэдээллийн төлөөллүүд үйл явцыг сурвалжилж, "Zarig.mn"-ийн оффисын гадна зарим иргэд цуглаж, үзэл бодлоо илэрхийлж байв. Шүүхийн шийдвэр 16:00 цагийн орчимд гарсан бол 21:00 цагийн орчимд цагдаагийн алба хаагчид Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Хорих 461 дүгээр анги руу авч явсан юм.
Тиймээс олон нийт дээрх хэрэгт л анхаарал ихээр хандуулж буй тул "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-ыг төдийлөн тоохгүй биз. Сонсголын хоёр дахь өдөр олон нийтийн анхаарлыг татах эсэх нь ч эргэлзээтэй.
Гэхдээ үүнийн цаана "Нийтийн анхаарлыг юуны учир ингэж өөр тийш сарниулаад байна вэ" гэх хардлага ч байгаа юм. Мэргэжлийн хуульчид "Торгуулийн ялтай хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавьчхаад шууд хорьж буй нь хууль зөрчиж байна" хэмээн тайлбарласан. Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр ч "Цагдан хорих арга хэмжээ гэдэг нь Гэм буруугийн шүүх хурал болохоос өмнө авах арга хэмжээ юм. Цагдан хорих арга хэмжээг авахдаа хилийн хориг гэх мэт бусад арга хэмжээтэй хамтатгаж авч болдоггүй" гэдгийг хэлсэн.