Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ өсөөгүй ч худалдан авалт муу. Гацуур 200 мянгаас 1 сая төгрөгийн хооронд зарагдаж байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 12 секунд

Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж, он солигдох мөч хаяанд ирж байна. Шинэ жилийн баярыг гацуур мод, чимэглэл, гэрэлгүйгээр төсөөлөшгүй. Жил бүрийн энэ үед дээрх эд зүйлсийн эрэлт нэмэгддэг. Тэгвэл бид гацуур мод, гоёл чимэглэлийн худалдан авалт, үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Дүнжингарав” худалдааны төв, “Нарантуул” ОУХТ-ийг зорилоо.

Бид үдээс өмнө 11:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвд очиход, худалдаа эрхлэгчид бараагаа дэлгэж байлаа. Тэд аль болох бараагаа цэгцтэй байлгаж, хүмүүсийн нүдийг хужирлахыг хичээнэ. Ажлын өдөр учраас иргэдийн хөл хөдөлгөөн харьцангуй бага байв.

Худалдаа эрхлэгч: Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ өсөөгүй ч худалдан авалт муу байна

-Энэ жил үнийн тухайд, модныхоо өндрөөс хамаараад харилцан адилгүй байна. Миний зарж буй моднууд 120-310 см-ийн өндөртэй. Үнэ хамгийн багадаа 180-230 мянган төгрөг байгаа бол 1 метр 50 см-тэй нь 200-250 мянга, метр 80-тай нь 300-650 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Харин 2 метр 10 см-тэй нь 500 мянгаас 1 сая төгрөг хүртэл үнэтэй.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад, үнэ өсөөгүй. Одоо ер нь үнэ өснө гэж байхгүй. Зардал буурч байгаа учраас үүнийг дагаад үнэ буурна л гэсэн үг. Өнгөрсөн жил зардал өндөр байсан учраас метрийн үнэ дээрээ зардлаа нэмээд л зарсан. Худалдан авалт ажлын өдрүүдэд бага, амралтын өдрүүдэд их байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийг бодвол тааруу болсон байна. Өдийд нэлээн хөдөлгөөнтэй байдаг.

Дараагийн худалдаа эрхлэгч “Манайх Солонгосоос авч ирсэн 210 см, 250 см-тэй моднууд худалдаалж байгаа. Энэ жил үнэ өсөөгүй, 680-980 мянган төгрөгийн үнэтэй зарж байна. Худалдан авалт өмнөх жилүүдтэй харьцуулбал, харьцангуй муу байна” гэсэн юм.

Сурвалжилгаа үргэлжлүүлэхээр “Нарантуул” захыг зорилоо. Энд талбайн асуудал шийдэгдээгүй байсан тул өнөөдрөөс шинэ жилийн холбогдолтой бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж эхэлсэн гэдгийг худалдаачид хэлж байв.

Худалдан авагч "Өнгөрсөн жил ямар байсныг сайн санахгүй байна. Сая ирээд үзсэн мод 550 мянган төгрөгийн үнэтэй гэнэ" гэсэн бол дараагийн худалдан авагч “Гацуур мод үзээд явж байна. 200-500 мянган төгрөгийн үнэтэй байгаа харагдлаа. Хоёр жилийн өмнө авч байхад 200-аад мянга гэж байсан. Үнэ өссөн байна, аргагүй биз дээ” гэх тайлбарыг өгсөн юм.

Худалдаа эрхлэгч: Бараа захиалаад, 7-10 хоногийн дотор ирж байна. Цар тахлын үеийг бодвол хамаагүй дээрдсэн

-150 см-тай мод 150 мянган төгрөг. 240 см-тэй нь 450-550 мянга. Бусад нь өндрөөсөө шалтгаалж, 280-350 мянган төгрөгөөр худалдаанд гарч байна. Үнэ өсөөгүй, өнгөрсөн жилийнхтэй яг адилхан байгаа. Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас шалтгаалж, багагүй хүндрэл учирч байсан шүү дээ. Бараа захиалахад багадаа нэг сарын дараа ирнэ. Ачаа, тээшний үнэ өсөхийн хэрээр бид ч үнээ нэмнэ. Харин одоо нөхцөл байдал хамаагүй дээрдсэн. Захиалга өгөөд, 7-10 хоногийн дотор бараа ирдэг. Манайх өнөөдрөөс худалдаагаа эхлүүлж буй учраас худалдан авалтыг сайн хэлж мэдэхгүй. Одоохондоо хүмүүс сонирхоод, үнэ асуугаад л явж байна. Цаашдаа гайгүй болчих байх өө" гэлээ.

ЧУУЛГАН: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.