Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, УИХ-ын гишүүн асан, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар “Ирээдүйдээ өр биш өв үлдээдэг байх” Үндэсний баялагийн сангийн хуулийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намд өнгөрсөн хугацаанд дотоод зөрчил, үл ойлголцох олон зүйлүүд байсан. Ардчилсан намын дотоод зохион байгуулалтууд хийгдэж, бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэж гадагш гарч ажиллах, хурдлах боломж, бололцоо бүрдэж байна. Ардчилсан намын өөрийн соёл маш онцлогтой. “МАН” босоо удирдлагатай дээрээс хэн нэг дарга нь шууд чиглүүлдэг бол Ардчилсан нам харьцангуй хэвтээ зохион байгуулалтад тулгуурласан, дотоод ойлголцлыг эрхэмлэдэг улс төрийн хүчин юм. Үүнийг шинээр томилогдож байгаа ЕНБД-ийн үүрэг гүйцэтгэгч илүүтэй мэдэрч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Нүүрсний сонсголын асуудлыг иргэд, олон нийт чих тавин хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл 40 их наядын асуудал яригдана гэсэн хүлээлт байсаар байна. Гэвч Түр хорооноос зохион байгуулалт хийж буй нөхцөл байдлыг харахад энэ асуудлаар юу ч яригдахгүй нь. Түр хороонд АН-ын зүгээс орж ажиллаж буй гишүүдэд өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл байхгүй, олонхын бүлгээр хаалттай хуралдаж байна. Эрдэнэс таван толгой компанийн захирлаар ажиллаж байсан Ганхуяг гэдэг хүнийг хуулийн байгууллагын зөвшөөрсөн хүрээнд оролцуулж мэдээлэл өгүүлэхийг Д.Ганбат гишүүн бид хоёр шаардаж байна" гэв.