Сингапур улсын иргэн Л нь БНТУ-ын Истанбул хотод Монгол Улсын иргэн М, Н нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, нүцгэн байхад нь зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, хувь хүний нууцад халдсан гэх хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Сингапур улсын иргэн Лох Сиен Чи-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан”, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 1 жил 8 сар хорих ял оногдуулсан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг есдүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Лох Сиен Чи-д оногдуулсан хорих ялыг 15.4 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.
Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан" гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.