Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2023.11.27) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн.
Түр хорооны дарга Б.Энхбаяр "Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ, ЗДТГ, Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Хандогд сумын ЗДТГ албан бичигт тусгасан огнооны дагуу холбогдох ажиллаж байсан хүмүүсийн материалуудыг ирүүлээгүй байгаа аж. Хоёрдугаарт, Автотээврийн үндэсний төв олон улсын тээврийн “C” зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн бүртгэл, олгосон зөвшөөрлийн тоо, холбогдох шалгалтын ажлуудын тайлан зэрэг баримт, мэдээллийг Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороонд ирүүлээгүй, энэ нь нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа.
Гуравдугаарт, хянан шалгагч шинжээч нар нотлох баримт бүрдүүлэх, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, тодруулга авах, тэмдэглэл үйлдэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-д таван өдөр томилолтоор ажилласан боловч анхан шатны нотлох баримтууд бүрэн бус, архив болон цахим системд хадгалаагүй, ажлын хариуцлага сулаас баримт материалаа хүлээлцээгүй, холбогдох байгууллагуудаас шаардлагатай баримт, материалыг шаардсан хугацаанд ирүүлэхгүй байгаа зэргээс үүдэн хүндрэл үүсэж байна. Түүнчлэн хяналт, шалгалт хийх явцад тодорхой тооны гэрээ олдохгүй байгаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тайлбар авах ажил үргэлжилж байгаа" гэв.
2011-2023 оны байдлаар нийт 108 сая тонн нүүрс борлуулсны 20 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг дараах үзүүлэлтээр харьцуулан судалж байгаа гэлээ. Үүнд нүүрсний зах зээлийн үнэ, гэрээний үнэ, гаалийн бүрдүүлэлтийн үнэ, үнэ тооцоолсон аргачлалын хүрээнд 400 мянган хуудас бүхий мэдээллийг гаалийн программаас татаж авч тулгалт хийж байгаа гэлээ. Дээрх хэмжээний нотлох баримт, материал, цар хүрээнд хяналт шалгалтын ажил үргэлжилсээр байгааг Б.Энхбаяр дарга онцолсон.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох эхний үе шатанд нийт 175 иргэнийг гэрчээр дуудахаар тогтсон байна. Б.Энхбаяр гишүүн “Одоогоор 175 гэрийг дуудахаар жагсаалт гарсан байна. Гэхдээ хяналт, шалгалтын ажил үргэлжилж байгаа тул нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болох хүртэл гэрчийн жагсаалтад нэрс нэмэгдэх боломжтой. Тиймээс холбогдох тогтоолоор Хянан шалгах түр хорооны даргад гэрчийг дуудах эрх олгосон” гэдэг мэдээллийг өгөөд нотлох баримтыг шинжлэн судлах эхний шатны сонсголд оролцох гэрчүүдийн нэрсийг танилцууллаа.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд дуудсан гэрчүүдийг зөвхөн хянан шалгах шинжээчдийн хянан шалгах үйл ажиллагааны үр дүнд дуудаж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Г.Ганболд хэлэв. Үүний зэрэгцээ нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан нь гэмт хэрэгтэн, нүүрсний хулгайтай холбоотой буруутан гэсэн үг огт биш, ийм агуулгаар хандаж болохгүй гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд олон нийт анхаарахыг санууллаа. Тухайн иргэний эрхэлж байсан ажил, цаг хугацаатай нь холбоотойгоор тодруулах, мэдээлэл авах шаардлагаас үүдэн гэрчээр дууддаг талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Г.Ганболд нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, холбогдох мэдээлэл, тайлбарыг өгсөн