Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаярыг Нүүрсний түр хорооны дарга болсны дараа 3 хянан шалгагч хүсэлтээрээ ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 48 секунд

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2023.11.27) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд дараах дөрвөн асуудлын хүрээнд болно. Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, сонсголын эхний шатанд танилцана хэмээн Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэв.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм байна. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжлэх юм байна.

2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр тус Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдсон юм. Тухайн үед 5 хянан шалгагч ажиллаж байсан бөгөөд Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр гишүүн даргалах болсноос хойш 3 хянан шалгагч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн байна. 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойш нэмж 15 хянан шалгах шинжээчийг томилсон бөгөөд нэг сар гаруй хугацаанд 17 хянан шалгах шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд нотлох баримт нэмж цуглуулахаар төрийн 30 байгууллага, төрийн өмчит 5 компани, 2 аж ахуй нэгж, нийт 37 байгууллагад нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 3 шалгалтын удирдамжийг баталж, газар дээр хяналт шалгалтын ажлыг хийсэн байна.

Хяналт шалгалт хийгдэж буй нотлох баримтын цар хүрээний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулснаас хойших үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээлэл; “Тавантолгой” ХК дээр байгаа үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг авч шинжлэн судалж байгаа юм байна. Мөн Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 1.5 сая гаруй мэдүүлгийн дэлгэрэнгүй жагсаалт, пүүний программын 270 мянга гаруй бүртгэл, 630 гаруй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 110 гаруй олборлолтын гэрээ болон тус компанийн сүүлийн 10 гаруй жилийн уулын ажлын тайлан, санхүүгийн программын датаг шинжлэн судалж байгаа аж. Гашуун сухайт дахь Гаалийн ерөнхий газраас Цагаанхадад байрлах 36 хяналтын бүсүүдээс давхардсан тоогоор 2.5 сая гаруй нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бичлэг; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны байдлаар нүүрс худалдах, худалдан авах 698 гэрээг (20.0 мянган хуудас бүхий) хянаж, борлуулалтын тайлангуудыг нягталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн арилжааны банканд бүртгэлтэй 75 ширхэг дансны 10 мянга орчим хуудас бүхий гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгаа болохыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Нотлох баримтыг шинжлэх судлах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой нийт 943 гэрээ, тэдгээртэй холбогдох 188 мянга гаруй материалтай нэгбүрчлэн танилцаж байгаа аж. Нийт давхардсан тоогоор 20272 хуулийн этгээд дээр бүртгэлтэй үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа 217.629 иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг УБЕГ-аас гаргуулан авч, холбоо хамаарлыг тогтоох дүн шинжилгээг мөн хийж байгаа юм байна.

Ховд аймгийн Дарви суманд өнөөдөр 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Ховд аймгийн Дарви суманд өнөөдөр 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.