"Нүүрсний" гэх хэргийн хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр үе шаттайгаар буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-7, 18-22-ны хооронд явагдсан билээ. Тус түр хороог тухайн үеийн ХЗДХ-ийн сайд, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж, нүүрсний сонсголыг зохион байгуулсан байдаг.
Тэгвэл "Эко глобал ложистик" ХХК нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн байх бөгөөд энэ асуудалд хариу тайлбараа ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа,
"Нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсож, илчлэгдсэн хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж, хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан надаас “өшөө авч”, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа. Одоогоор гурван ч шүүхэд нүүрсчид “ялж” байгаа.
Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа. Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол Улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна" гэж мэдэгдлээ.