Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Өндөр голчтой оюутнуудын 70 хувь нь шөнө сууж хичээлээ хийдэг нь ЭРҮҮЛ МЭНДЭД нь сөргөөр нөлөөлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 13 секунд

20-иод насныхан... Эрч хүч ундарсан, сурч мэдэх, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгддөг дурсамж дүүрэн нас. Сүүлийн жилүүдэд оюутан залуус цагийн менежмент муу байдгаас шалтгаалж, нойроо хугаслан шөнө бүр хичээлээ хийх нь тэдний эрүүл мэнд болон, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг тэр бүр ухаардаггүй.

МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн оюутнууд 100 оюутнаас "Нойрны чанар суралцах бүтээмжид нөлөөлөх нь" гэх судалгаа авахад голч дүн нь өндөр байдаг оюутнууд эрүүл мэндээ золиосолдог гэх үр дүн гарчээ.

UBN.mn сайт үргэлжлүүлэн дээрх судалгааны дэлгэрэнгүй үр дүн, СЭМҮТ- ийн их эмч, сэтгэл зүйч Ж.Гантулгатай ярилцаж оюутнуудын сэтгэл зүйн асуудлын шалтгаан, нойргүйдлийн сөрөг нөлөө, залуучуудын сэтгэл гутралын талаар тодруулан ярилцсанаа хүргэж байна.

-Өндөр голчтой оюутнуудын 70 хувь нь шөнө сууж хичээлээ хийдэг-

Дээрх судалгааг хийсэн МУИС-ийн сэтгэл судлалын оюутан Г.Оюунтунгалагтай судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.

Тэрбээр "Би МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн оюутан. Саяхан болсон олимпиадын хүрээнд "Нойр ба сэтгэцийн эрүүл мэнд" гэсэн сэдэвтэй МУИС-ийн 100 оюутныг хамруулсан судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд 2 оюутан тутмын нэг нь семестрийн үед нойргүйдэлд өртөж байсан. Мөн нойргүйдэл нь тэдний эрүүл мэнд анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс нойргүйдэл дээр анхаарах шаардлагатай гэх үр дүн гарсан. Мөн нойргүйдлийн шалтгаан нь электрон төхөөрөмж байсан. Гэвч энэхүү судалгаа нь зөвхөн 100 оюутан дээр хийгдсэн судалгаа. Цаашлаад бүр олон оюутан залуус дээр хийвэл өөр үр дүн гарч магадгүй. Мөн өндөр голчтой 50 оюутан байсан. Эдгээр оюутнуудад нарийвчлан судалгаа хийхэд 70 хувь шөнөжин сууж хичээлээ хийдэг гэх үр дүнтэй байсан. Ингэснээр эрүүл мэндээ золиослон голч дүндээ анхаарч байна гэсэн үг" гэв.

Бид үргэлжлүүлэн СЭМҮТ- ийн их эмч, сэтгэл зүйч Ж.Гантулгатай оюутнуудын сэтгэл зүйн асуудлын шалтгааны талаар ярилцлаа.

-Их, дээд сургуулиуд эрхэм зорилгодоо оюутнуудынхаа сэтгэл зүйд анхаарах шаардлагыг оруулж өгөх хэрэгтэй. Ингэснээр тухайн сургуулиас САЙН боловсон хүчин гарна-

СЭМҮТ-ийн их эмч, сэтгэл засалч Ж.Гантулга

-Сайн байна уу. 18-25 насныхны хувьд сэтгэл зүйн ямар асуудал их тулгамдаж байна вэ?

-Сайн байна уу. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг нь ихэнх хүнд тулгамддаг асуудлыг илэрхийлдэг. Нийт 6 эмгэг бий. Үүнд нойргүйдэл, архаг ядаргаа, сэтгэл гутрал, сэтгэл түгшил, архины хэрэглээ, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа гэж бий. 18-25 насныхны хувьд хичээл нэгдүгээрт тавигддаг, аливаа зүйлийн цагийг нь тулгаж хийдэг. Нэлээн оюуны ачаалалтай байдаг. Ихэнх залуучууд амьдралын буруу хэв маягаар амьдардаг юм байна гэдгээ ухаардаггүй. Энэ нь хожуу эрүүл мэнд, сэтгэц дээр илэрч эмнэлэгт хандахад хүргэдэг.

-Оюутан, залуус нойргүйдэл, сэтгэл гутралд өртөж байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Буруу хооллолт. Гар утасны хэрэглээ. Хүн чанартай нойр авахын тулд 6-8 цаг унтах ёстой. Шөнө унтах хангалттай цаг байхад хэдэн цагаар ч хамаагүй утсаа оролддог. Мөн хичээлээ хийж шөнө нойргүй хонодог шалтгаанууд тэдний анхаарал төвлөрөл, эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж сэтгэл түгшилт, тогтворгүй байдалд хүргэж байна. Утасны зөв хэрэглээ гэдэг их чухал. Мөн их, дээд сургуулиуд эрхэм зорилгодоо оюутнуудын сэтгэл зүйд анхаарах шаардлагыг оруулж өгөх хэрэгтэй. Ингэснээр тухайн сургуулиас ихийг хийж бүтээх, харилцааны ур чадвартай сайн боловсон хүчин гарна.

" Нэгдүгээрт чанартай НОЙР"

-Ихэнх оюутны нойргүй хонож байгаа шалтгаан нь хичээлийн дүн байдаг шүү дээ?

-Нэгдүгээрт чанартай нойр, эрүүл мэнд шүү дээ. Хичээлийн голч дүн нь өндөр хэр нь сэтгэл зүйн асуудалтай, ходоодны шархтай төгсөж байснаас хийх ёстой зүйлээ цаг тухайд нь өөртөө ачаалал өгөхгүй хийдэг дундаж голчтой, цоо эрүүл хүн байсан нь хамаагүй дээр шүү дээ. Сайн унтаж амраад, эрүүл зөв хооллоод хичээл, ажилдаа зүтгэсэн хүн баргын зүйлд ядрахгүй.

Нойроо хасаж сууж, хэвтээд байгаа ямар ч амьтан байдаггүй. Амьтан бол унтах үедээ унтдаг, идэх үедээ иддэг. Бүр хонь хүртэл нойлын хажууд ургасан өвс иддэггүй. Тэгэхээр бид нар амьтнаас дор байж болохгүй. Эрүүл хооллож, нойроо авах хэрэгтэй.

- СЭМҮТ- д 18-25 насны залуус хэр их нээлттэй ханддаг вэ?

- Хүмүүс СЭМҮТ гэхээр л их аймар юм боддог юм шиг байгаа юм. Энэ насны залуусын сэтгэл зүйн асуудал нь хэвтэн эмчлүүлэх тохиолдол ховор байдаг. Ярилцаад тулгамдаж буй асуудлыг нь чиглүүлээд өгөхөд маш хурдан эмчлэгдэх боломжтой зүйл. Гэвч залуус хаана хандахаа мэддэггүй. Ямар нэг асуудалтай, ярилцах шаардлагатай бол шууд мэргэжлийн байгууллагат хандах хэрэгтэй. Хэрвээ сэтгэл өвдөж ,түгшиж байвал 18002000 утас руу холбогдоорой. Миний бодлоор оюутан залуусд илүү ойр ажиллах үүднээс хотын төвд сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй болох нь их зөв юм шиг санагддаг. Үүн дээр залуучууд дуу хоолойгоо хүргээд холбогдох албаныхан анхаарч өгвөл сайн байна.

-Ямар шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн байгууллагат хандах шаардлагатай гэж үзэх вэ?

- Мэргэжлийн байгууллагат хандах шаардлагатай гэхээсээ илүү та сэтгэцийн хувьд эрүүл байгаагаа хэрхэн мэдэх вэ гэх талаас нь яръя. Сайн унтаж амарч чаддаг. Өглөө сэрхэд толгой сэргэг, бие хөнгөн, хийх ёстой хичээл, бие даалт гараас чинь гардаг байх ёстой. Хүнтэй асуудалгүй хэвийн харилцаж, өдөр тутмын хийх ёстой зүйлдээ ямар ч асуудалгүй оролцож, хийж бүтээж байвал та сэтгэл зүйн хувьд хэвийн байна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа

Ийнхүү оюутнууд шөнө бүр сууж хичээлээ хийж голч дүн өндөр байснаас илүү эрүүл бие, эрүүл сэтгэл зүйтэй байх нь ирээдүйд ихийг хийж бүтээх, зөв харилцаатай, зөв сэтгэхүйтэй боловсон хүчин болоход нөлөөлнө. Дутуу нойртой хүний дээрх үзүүлэлтүүд бүрэн чадавхидаа хүрэлгүй суларч, сурах үйл явцдаа илүү их цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулах шаардлагатай болдог. Тиймээс оюутнууд цагийн менежмент болон нойр дутуу явахын хор хөнөөлийн талаарх мэдээлэлтэй болох; Стрессийг зохицуулах, даван туулах аргууд болон тайвшруулах техникүүдэд суралцах шаардлага тулгарч байгаа юм.

Нийслэлийн ХҮН намын даргаар Э.Золзаяа сонгогдлоо
Нийслэлийн ХҮН намын даргаар Э.Золзаяа сонгогдлоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.